“Хогны ногоон уут хог болж байна” гэх иргэдийн шүүмжлэл өнгөрсөн хавар нэлээдгүй хүч аваад уут олгох ажил тавдугаар сараас түр зогссон. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн гурван тэрбум төгрөгийг хогны уутанд зарцуулсан нь “бай”-гаа олоогүй ажил гэж шүүмжлүүлэхэд хүрсэн юм. Тэгвэл гурван тэрбум төгрөгөөр гурван цэцэрлэг барьсан бол өнөөдөр цэцэрлэггүй гэртээ сууж байгаа хүүхдүүд сурч хүмүүжих байртай болох байсан. Гурван сая дахь иргэнээ гудамжинд өлгийдөхдөө тулаад байгаа манай улсад төрөх эмнэлэг ч барьж болох байлаа. Ядаж барилгын ажлыг нь эхлүүлээд санхүүжүүлэлтгүйгээс зогссон III төрх эмнэлгийн өргөтгөлийг барьж дуусгах боломж байв. “Хоггүй Улаанбаатар” нэртэй дээрх уутыг наад захын шаардлага хангахгүй, хэтэрхий нимгэн үйлдвэрлэснээс гэр хорооллынхон үнс, хог савлах боломжгүй, орон сууцныханд хогны саванд томдох зэрэг хэрэглээнд таарахгүй байгааг онцолж байсан. Тэгвэл Нийслэлийн захирагчийн ажлын албанаас өнгөрөгч зургадугаар сард иргэдээс цахим санал асуулга явуулж дахин олгохоор болсон. Энэ жилийн хувьд 2.4 тэрбум төгрөг зарцуулахаар болсон байна. Өмнө нь хороо, хэсгийн ахлагч нар айлуудад уут тараадаг байсан бол энэ жилээс талонаар олгож байгаа. Иргэд талонаа хороо, ус түгээх цэг, ойрх дэлгүүрүүдээс авах боломжтой гэж албаныхан мэдэгдэж байгаа. Гэтэл хорооноос өөр цэгт талон олгохгүй байгааг иргэд хэлдэг. Хэдийгээр үнэгүй тарааж байгаа хэдий ч манайхан хогны ногоон уутанд дугаарлаж байхыг хараагүй. Айл гэрт хог хийх уут байхгүй байна гэвэл өрөөсгөл ойлголт. Өмнө нь хогны уутгүй байлаа гээд хашаа, орцондоо хогоо ил асгадаггүй л байсан шүү дээ. Хэдийгээр дахин тарааж эхлэхдээ чанар, уутны хэмжээг гэр хороолол, орон сууцны хэрэглээнд тохируулж үйлдвэрлэсэн гэж байгаа хэдий ч талонаар олгож эхэлснээр тэр бүр хэрэглэгчдийн гарт хүрэхгүй байна. Магадгүй нийслэлийн 152 хороонд хогны уут эзэндээ хүрээгүй хураалттай байхыг үгүйсгэхгүй.
Ц.Цэцэг