Н.АЛТАНХУЯГИЙН ДУРААРАА АВИРЛАЛТ ХЭЗЭЭ ДУУСАХ ВЭ
АН өнгөрөгч сонгуулиар “Хүн шиг амьдарч, улс шиг хөгжье” уриа дэвшүүлээд 5А хөтөлбөр хэрэгжүүлэхээ ард түмэндээ амлаж байв. Тодруулбал, авлигагүй, аюулгүй, агаарын бохирдолгүй, ажилтай орлоготой амьдруулахаа амлаж, ард түмнээс оноо цуглуулж Засгийн эрхэнд олонх болсон. Өөрөөр хэлбэл, тэдний 5А хөтөлбөр иргэдэд тулгамдсан асуудал байсан учраас тэдэнд санал өгсөн хэрэг. Гэтэл одоо бид хамгийн аюултай, айдастай нийгэмд амьдарч байна. Эсрэгээрээ ардчилалгүй нийгэмд ажилчин ангийнхан өглөөнөөс үдшийн бүрий болтол ажиллаж, өдрийн хоолоо залгуулах боллоо. Айл өрх бүр банкны зээлтэй, улс орон “Чингис”, “Самуурай” бондын өртэй, өндөг тансаг хэрэглээний жагсаалтад орсон ийм л өлмөн зэлмүүнхэн нийгэмд амьдарч байна. Энэ байдлаас харахад 5А хөтөлбөрийг шинэчлэлийн гэх Засгийн газар эсрэгээр нь хэрэгжүүлж байгаа аж. Тухайлбал, ажилгүй иргэдийн тоо өсч, гэмт хэргийн гаралт ихэссэн, архидалт хар тамхинд донтогсдын хүрээ тэлж, өдөр ирэх тусам иргэдийн амьдрал дордож байна. Хамгийн аюултай нь хууль, хяналтынхан тэр дундаас улс орны аюулгүй байдлын төлөө дуугарч, ажиллах үүрэгтэй Тагнуулын ерөнхий газар нь Ерөнхий сайдынхаа “удирдлага”-аар ажилладаг болсон жишиг удаа дараа гарах боллоо. Авлигыг эсэргүүцэж, тууштай тэмцэхээ үргэлж тодотгож байдаг АН-ын дарга Н.Алтанхуяг авлигын загалмайлсан эцэг гэгддэг МАХН-ын дарга Н.Энхбаяртай хамтарч ажиллах гэрээ байгуулж дураараа авирлалаа. Үүнийг иргэд юу гэж ойлгох вэ. Нууц ч бай, нууцгүй ч бай нэгэн цаг үед улс оронд авлигын тор үүсгэсэн хэмээн МАХН-ын дарга Н.Энхбаярыг хуулийнхнаар шалгуулж, буруутайг нь тогтоосноо тунхаглаж оймстой хөлийг нь сарвалжуулан цагдан хорих байр руу ачиж байсан айдаст түүх саяхан шүү дээ.
УСНААС ХУУРАЙ ГАРАХ ЕРӨНХИЙ САЙДЫН УВАЙГҮЙ АРГА
Үнэхээр авлигаас тэгтлээ их жигшин зэвүүцэж байсан АН өнөөдөр яагаад МАХН-тай хамтарч ажиллахыг эрмэлзэх болов. Энэ гэрээ өөрөө айдас биш гэж үү. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг энэ үйлдлээрээ олныг гайхшруулаад зогсохгүй айдаст автууллаа. Учир нь энэ гэрээг байж боломгүй алхам гэдгийг “Ангийн нөхөд” нь төдийгүй “малгай” нэгт намын нөхөд нь шүүмжлээд эхлэхээр хэрэг мандуулсан Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг уснаас хуурай гарах гэсэндээ дээрх гэрээг өөр хүмүүс хуурамчаар үйлдэж, бусдад тараасан мэтээр ярьж, ТЕГ-т шалгуулахаа зарласан. Хачирхалтай нь Ерөнхий сайд “Дээрх гэрээний хавсралтыг хуурамчаар үйлдэж тараасан нэр бүхий хүмүүсийг хуулийн байгууллагад шалгуулна” гэж мэдээллэхээс 2-3 цагийн өмнө нэр бүхий гурван ч сэтгүүчлийг албан ажлаа гүйцэтгэж байхад нь ТЕГ-ын албан тушаалтнууд редакцийн удирдлагаас нь ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр ТЕГ-т аваачин өдөр, шөнөгүй байцаалт авсан байдаг. Нэг үгээр бол, Ерөнхий сайд “шалгуулна” гэж мэдээлэл хийхээс өмнө ТЕГ-т үүрэг даалгавар өгсөн болж таарч байгаа юм. Энэ өөрөө хууль бус үйлдэл. Яагаад шууд ТЕГ-т хүсэлт гаргав. Хуулиараа бол шүүх, прокурорт хандах ёстой. “Булавч бултайна” гэдгээр Ерөнхии сайд хамтарч ажиллах гэрээ байгуулснаа олон нийтэд зарлачихсан шүү дээ. Үүний дараа намын нөхөд нь түүнийг “Огцрох ёстой” хэмээн үзээд гарын үсэг цуглуулж, асуудал хурцдах болохоор ийн өөрийгөө хаацайлах явуургүй аргаа олсон бололтой. Улмаар “МАН-ын хэвлэлийн албаны дарга Н.Дэмбэрэл дээрх гэрээг хуурамчаар үйлдсэн болохыг тогтоолоо” хэмээн ТЕГ-аас мэдээлсэн. Баттай нотлогдоогүй, мөрдөн байцаалтад байгаа, хорих ялаар шийтгээгүй хэргийг хуулийн байгууллага хэзээ олон нийтэд зарладаг болов. Энэ мэт өөрсдөд нь хариуцлага тооцох талаар сонгогчид нь яриад эхлэхээр ТЕГ-аар бамбай хийдэг хууль бус үйлдлээ хэзээ зогсоох вэ, Ерөнхий сайд аа.
“ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА Н.АЛТАНХУЯГИЙН ХУВИЙН МӨРДӨХ ТОВЧОО БИШ”
Үнэхээр АН, МАХН-ын даргын гарын үсгийг хуурамчаар үйлдэж, гэрээний хавсралтыг гаргаж ирсэн гэж үзэж байгаа бол хуулийн байгууллагад шалгуулах нь зүйн хэрэг биз. Гэхдээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийн шууд харьяалалд байдаг ТЕГ-т үүрэг өгч сэтгүүлчдийг дуудаж шалгуулсан нь маш түгшүүртэй үйл явдал болсон. Энэ талаар Хотын дарга Э.Бат-Үүл “Тагнуулын байгууллага бол Н.Алтанхуягийн хувийн мөрдөх товчоо биш. Энэ алхам ардчиллын үнэт зүйл болсон хэвлэлийн эрх чөлөөнд ч ноцтой аюул учруулна. Ийм жишиг тогтоож яасан ч болохгүй.Энэ чинь сонирхлын зөрчил үүсгэж байна. Энэ жишгээр бол би л гэхэд миний тухай хэвлэл мэдээллээр гарсан асуудлаар Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргыг дуудаад “Энэ мэдээллийг шалга” гэж үүрэг өгдөг болох юм байна л даа. Ерөнхий сайд зүй нь өөрөөсөө хараат бусаар ажилладаг шүүх, прокурорт гомдол гаргаж шалгуулах учиртай. Дахин хэлэхэд хуулийн дагуу шүүх, прокурорын байгууллагад хандах ёстой” гэсэн байна.
СЭТГҮҮЛЧДИЙН ЭРХ ЧӨЛӨӨ ЯРЬДАГ ТББ-УУД ХААНА БАЙНА ВЭ
Дээрх гэрээний нууц хавсралтыг өөрийн цахим хуудастаа байрлуулж, мэдээ мэдээлэл бичсэн, сэтгэгдэл бичсэн асуудлаар сайт, сонин, телевизийн нэр бүхий сэтгүүлчдийг ТЕГ-т дуудаж байцаалт авсан. Тухайлбал, “Хэнээс хэдэн төгрөг авч уг гэрээг байрлуулсан. Энэ гэрээний хавсралт хуурамч гэдгийг мэдэж байсан уу. Энэ гэрээг хэн үйлдсэн байж болох вэ” зэргээр шөнөжин байцаалт авсан байдаг. Үүнээс хойш бараг долоо хоног өнгөрөхөд сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх болоод тэдний төлөө үйл ажиллагаа явуулах нэрээр гаднаас санхүүждэг ТББ-ууд болон Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл дуугарсангүй. Ёстой л амаа үдүүлсэн мэт дуугүй байгааг юу гэж ойлгох вэ. Тэднийг нэг бус удаа ажил үүргээ гүйцэтгэж байхад нь дуудаж байцаалаа шүү дээ. Ямар шалтгааны улмаас ажил үүргээ гүйцэтгэж яваа сэтгүүлч, Монгол Улсын иргэнийг шалгаж байгаагаа хууль хяналтын байгууллагын үүрэг гүйцэтгэгч хууль журмын дагуу заавал мэдэгдэх ёстой. Тухайн сэтгүүлчийн албан газар, редакцид ч мэдэгдэлгүйгээр ажилтныг нь байцаан шалгаж байгаа нь хувь хүний болоод хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдаж буй ноцтой асуудал юм. Сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх чөлөөнд ингэж халдах нь ёс зүйтэй асуудал мөн гэж үү. Тухайлбал, “Глоб Интернэшнл” ТББ-аас энэ талаар дуугарах болов уу гэж бид харж, хүлээж байлаа.
“ТЕГ-ЫГ ШАЛГУУЛНА” ГЭВ
ТЕГ өнгөрөгч тав дахь өдөр мэдээлэл хийхдээ дээрх гэрээний нууц хавсралтыг МАН-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Дэмбэрэлийг үйлдэж бусдад тараасан гэж мэдээлсэн. Тэр байтугай ТЕГ-ын албан тушаалтнууд прокурорын зөвшөөрөлгүйгээр байгууллагад нэвтрэн нэр бүхий хэд хэдэн хүний компьютерийг хураан авч явжээ. Ингээд тэдний хэнээс нь ч мэдүүлэг аваагүй атлаа хэвлэл мэдээллээр “МАН-ын хэвлэл мэдээллийн албанаас энэ мэдээллийг бусдад тараасан” гэж мэдээлснийг хууль бус үйлдэл гэж үзээд хуулийн байгууллагад шалгуулахаар болсон байна. Энэ үйлдлүүдээс харахад ТЕГ улс төрийн байгууллага болсныг гэрчилж байна гэж үзэх иргэд цөөнгүй байна. Тэр дундаа Ерөнхий сайдын хувийн мөрдөх товчоо болжээ гэдгийг тодотгож байгаа юм. Ингэж хардах нь ТЕГ Ерөнхий сайдтай холбоотой асуудлыг ийн хурдан шуурхай шалгаж мэдээллэдэггүй. Тухайлбал, Ерөнхий сайдын 50 тэрбум төгрөгийн асуудал, ахлах зөвлөх Л.Гансүхээ батлан даалтад гараагүй байхад хуулийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр эргэсэн гээд олон л асуудал бий. Энэ бүхнийг ТЕГ тэр даруйд нь мэдээлсэн гэж үү. Ерөнхий сайдын эл увайгүй, эрх мэдлээрээ далайлгасан үйлдэл бусдад халдварлавал нийгэмд ямар айдас төрүүлэх нь тодхон байна.
Б.Цэцэг