Д.Мандах: Миний охин өлсгөлөн зарлаагүй

 “Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаад Эрүүгийн хуулийн 96.2.6-д зааснаар “Бусдын бие мах бодид хүнд гэмтэл санаатай учруулсан” гэх үндэслэлээр анхан шатны шүүхээс долоон жилийн ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэрийг шүүхээс гаргасан. Түүнийг анхан шатны шүүх хурлын орой буюу энэ сарын 16-ны 21.00 цагт хорих анги руу шууд ачсан юм. Тэгвэл түүнийг шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй өлсгөлөн зарласан гэх мэдээлэл гарч эхэллээ. Энэ талаар түүний ээж Д.Мандахаас тодруулсан юм.  


-Ц.Алдармааг өлсгөлөн зарлаад гурав хонож байгаа гэсэн мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?

-Худал мэдээлэл байна. Миний охин өлсгөлөн зарлаагүй. Хэвлэл мэдээллээр ийм төрлийн худал мэдээлэл гарч байгаад гайхаж байна. Янз бүрийн л мэдээлэл гарч байна шүү дээ. Өчигдрөөс ийм мэдээлэл цахим сайтад гарсан талаар олж мэдлээ.

-Анхан шатны шүүх хурлын дараа өмгөөлөгч нь давж заалдах шатны шүүхэд хандах талаараа мэдэгдэж байсан. Гомдлоо гаргаж дараагийн шатны шүүхэд хандсан уу?

-Давж заалдах шатны шүүхэд хандахаар баримт материалаа бүрдүүлж байна. Өнгөрсөн баасан гаригт шүүхээс тогтоолоо авсан. Одоо өргөдлөө өгөхөөр хөөцөлдөөд явж байна.

-Биеийн байдал нь ямар байгаа вэ. Хамгийн сүүлд охинтойгоо хэзээ уулзсан бэ?

-Хамгийн сүүлд өнгөрөгч мягмар гаригт охинтойгоо уулзсан. Түүнээс хойш уулзаагүй байна. Эргэлтийн хоног нь болоогүй учраас уулзах боломж байдаггүй.Өмгөөлөгч нь уулзаж байгаа болохоор илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байх. Ямар ч байсан өлсгөлөн зарласан гэдэг нь худлаа гэдгийг хэлэх байна.

-“Шинэ үе” продакшны захирал Н.Ариунболд “Манай хоёр бие биенээ уучилсан” гэж мэдээлж байсан. Та бүхэнтэй уулзаж байгаа юу?

-Ц.Алдармаа, Д.Оюунтуул хоёрыг “Шинэ үе” продакшнаас хассан гэх мэдээлэл нэг хэсэг гарсан. Энэ мөн л худал мэдээлэл. Хамт олон нь энэ хоёрыг биенээ ойлгоосой гэж хүсч хүлээж, үргэлж хамт байж ирсэн. Шүүх хурлын дараа ч гэсэн тэд бидэнтэй ярилцаж, тохирсон зүйл бий. 

 

Б.Дэлгэр

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.