“Дэлгэрцогт сумын ИТХ-ын дарга үнэт чулууны ченж хийж байна” гэв үү

Эрх мэдэлтнүүдэд хууль үйлчилдэггүй жишиг орон нутгийн дарга нарт халдварлаж, хүрээгээ нэлээд тэлэх болсны нэг жишээг дуулгая. Тодруулбал, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын ИТХ-ын дарга П.Амгаланбаатарт холбогдох асуудал юм. Дэлгэрцогт сумаас хойш 10 гаруй километрт орших Нүүр хар гэдэг газраас нутгийн иргэд цахир чулуу түүж борлуулдаг байжээ. Түүнийг таслан зогсоохоор Дэлгэрцогт сумын ИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж тус газрыг тусгай хамгаалалттай бүс болгон зарлаж, цахир чулуу түүхийг хориглосон захирамж гаргасан байна. Гэтэл захирамжийг гаргасан П.Амгаланбаатар нь иргэдээс цахир чулууг хямд үнээр худалдан авч цааш нь хятадуудад дамлан худалдаалдаг талаар эх сурвалж онцоллоо. П.Амгаланбаатарын хувьд өмнө нь хууль бус үйлдэл гаргаж шүүхээс торгох ялаар шийтгүүлж байсан нэгэн. Хэргийг эргэн сануулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-ны өдөр ажлын албан өрөөндөө сумын Азийн сангийн ажилтныхаа зүүн нүд рүү цохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож байсан. Түүнийг Эрүүгийн хуулийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, энэ оны тавдугаар сарын 12-ны өдөр Сум дундын шүүхээр хянан хэлэлцээд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая 900 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ. Иргэдийн хурлын дарга бол Засгийн газрын эд, эс нь мөн. Тэгвэл Дэлгэрцогт сумын ИТХ-ын дарга П.Амгаланбаатар нь төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг дагаж мөрдөхгүй хамтран ажиллагсадтайгаа хүндэтгэлгүй, дарамталсан байдлаар харьцаж, Эцэстээ албан хаагчийн бие махбодид халдаж, шүүхээр шийтгүүлсэн нь төрийн албанд тэнцэхгүй хүн гэдгийг гэрчилж байгаа юм. Мөн тус сумын удирдлагуудтай холбоотой өөр нэг ноцтой асуудал бол сумын иргэд өнгөрсөн есдүгээр сарын 22-нд АТГ-т сумын Засаг дарга Б.Баатарсүрэнгийн талаарх, тодруулбал улсын төсвийн хөрөнгө шамшигдуулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж өгөхийг хүссэн гомдол аж. 

 

Б.Дэлгэр

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.