Нийслэлийн 375 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Засгийн газрын 11-11 төвийн цахим уулзалтад Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат оролцож тус банкнаас санхүүжүүлж буй Улаанбаатар
хотын бүтээн байгуулалтын ажлуудын явцын талаар иргэдийн асуултад хариуллаа. Хөгжлийн банк байгуулагдсанаасаа хойш бүтээн байгуулалт болон бусад төсөл хөтөлбөрийн санхүүжилтэд зориулан гурван их наяд төгрөг гаргасны гуравны нэг хувь буюу 1.1 их наяд төгрөгийг нийслэлд зарцуулсан байна. Тус банкнаас нийслэлийн авто замыг сайжруулах төсөлд зориулан 92.9 тэрбум төгрөгийн санхүүжилт хийжээ. Түүнчлэн “Гудамж” төслийн хүрээнд Улаанбаатар хотын 33 уулзварыг шинэчлэх ажлыг 81.9 тэрбум төгрөгөөр санхүүжүүлснээр тус төслийн нийгэм, эдийн засгийн шууд бус үр өгөөж нь жилийн 20 тэрбум төгрөг болно гэж тооцоолж байгаа аж. Инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний төслүүдийг 202.3 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсний үр дүнд нийслэлийн долоон байршил, дахин төлөвлөлтийн найман бүсэд орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих боломжтой гэнэ. Дулааны III цахилгаан станцын 50 мВт-ын өргөтгөлийг 35 сая ам.доллараар санхүүжүүлж ашиглалтад оруулснаар нэг кВт цахилгаан үйлдвэрлэх өртөг 74 төгрөгөөс 36 болж буурсан. Дулааны IV цахилгаан станцын 100 мВт-ын өргөтгөлийн ажлыг 57.3 сая ам.доллараар санхүүжүүлснээр тус өргөтгөл дотоодын эрчим хүчний хэрэглээний 10 хувийг дангаар хангах болсон зэргийг түүний мэдээллээс онцолж байна.
Ц.Цэцэг