Онцгой байдлын салбарт 12 тэрбум төгрөгийн автомашин техник хэрэгслийн шинэчлэл хийнэ

Монгол Улсын Засгийн газар, Австри Улсын Засгийн газар хоорондын урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Онцгой байдлын байгууллагын техникийн хүчин чадлыг дээшлүүлэх,  тоног төхөөрөмжийг шинэчлэх төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Энэ дагуу өнөөдөр “Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-нд ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж, “Розенбауэр” компанийн гүйцэтгэх захирал Херберт Пөлингер нар гарын үсэг зурлаа. Энэхүү төсөл нь нийт 5.2 сая евро буюу 12 тэрбум төгрөгийн үнэ өртөгийн гал унтраах, аврах ажиллагааны болон ой, хээрийн түймэр унтраах иж бүрэн багаж, тоноглол бүхий дөрвөн төрлийн 16 автомашин, дагалдах 2000 гаруй тоног төхөөрөмжийн хамт  нийлүүлэгдэх аж. Манай улсын эрс тэс уур амьсгалд тохируулан үйлдвэрлэгдэх евро стандартын эдгээр автомашин техник хэрэгсэлийг ирэх оны есдүгээр сар гэхэд нийлүүлж эхлэх юм байна.  Хөнгөлөлттэй зээлийн төсөлд Улаанбаатар хотоос гадна Архангай, Булган, Хөвсгөл, Орхон зэрэг 11 аймаг хамаргч, ирэх онд мөн евро стандартын техник хэрэгслээр хангагдахаар боллоо. 

 

Н.Дөлгөөн

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.