УИХ-ын дарга CNPC корпорацийн үйл ажиллагаатай танилцав

УИХ-ын дарга З.Энхболд БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзяны урилгаар БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд өчигдөр БНХАУ-ын CNPC корпорацийн үйл ажиллагаатай танилцсан байна. Энэ үеэр тус корпорацийн дэд захирал, “Петро Чайна” компанийн Ерөнхий захирал Ван Дунзинтэй уулзалт хийж, мөн дээрх корпорацийн газрын тос, байгалийн хий дамжуулах хоолойн удирдлагын төвтэй танилцжээ. “Петро Чайна” компани нь 2005 оноос эхлэн манай улстай хамтран ажилласан бөгөөд тус компани газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаас гадна нийгмийн хариуцлагын асуудалд онцгой анхаардаг аж. УИХ-ын дарга З.Энхболд БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад хийсэн айлчлалынхаа үеэр Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурж, хоёр талын худалдааг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлсэн. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд БНХАУ-ын компаниудын хувь нэмэр их болохыг онцолсон байна. Энэхүү уулзалтаар байгалийн хий дамжуулах хоолой, газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн асуудал, Сайншандын боловсруулах үйлдвэр зэрэг хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон байна. Уулзалтад УИХ-ын гишүүн, Монгол-Хятадын парламентын бүлгийн дэд дарга М.Батчимэг,  УИХ-ын гишүүн, Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн С.Бямбацогт, С.Одонтуяа, Д.Сумьяабазар, УИХ-ын даргын ахлах зөвлөх, ажлын албаны дарга С.Ламбаа, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд Д.Ганхуяг болон албаны бусад төлөөлөгч оролцжээ.

 

Ц.Жаргал

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.