Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг “Нүүрс хөтөлбөр”-өөс 3.5 тэрбум төгрөг шамшигдуулсан хэрэгт буруутган өнгөрсөн долоодугаар сарын 29-нөөс эхлэн Төв аймгийн Цагдан хорих төвд саатуулаад байсан. Тэрбээр энэ сарын 20-ны 15.00 цагаас эхлэн өлсгөлөн зарласан бөгөөд өчигдөр 21.00 цагийн үед ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтүүлээд байсан юм. Тэгвэл өнөөдөр дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхээр хэлэлцээд батлан даалтад гаргажээ. Уг хэрэгт хяналт тавьж буй прокурор нь сэжигтэн, яллагдагч Л.Гансүхийг хорих хугацааг үргэлжлүүлэн нэг сараар сунгах санал гаргасан юм. Тэгвэл прокурорын саналыг шүүх бүрэлдэхүүн хүлээн авахаас татгалзсан байна. Шүүхээс түүнд “Цагдан хорихоос өөр төрлийн таслан шийдвэрлэх арга хэмжээ ав” гэсэн шийдвэрийг гаргаж, хэргийг шалгаж буй мөрдөн байцаагчид нь даалгавар өгснөөр ийнхүү батлан даалтад гарлаа.
М.Өлзий