Тив дэлхий, дотоодын уралдаан тэмцээнд амжилттай оролцож, медаль хүртсэн ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир, спорт хорооны нэр бүхий 11 тамирчныг ОБЕГ-ын даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч уулзан, онцгой байдлын цол олгожээ. Тодруулбал, энэ оны буюу Ардын хувьсгалын 93 жилийн ойн үндэсний их баяр наадамд шөвгийн дөрөвт шалгарч гарьд цол хүртсэн Н.Ганбаатарыг онцгой байдлын дэд хурандаа, “Инчеон-2014” Азийн наадамд жудо бөхийн -66 кг жинд алтан медаль хүртсэн ОУХМ Д.Төмөрхүлгийг онцгой байдлын хошууч, ОХУ-ын Челябинск хотноо болсон жудо бөхийн Дэлхий аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн МУГТ М.Бундмааг онцгой байдлын хошууч, Ардын хувьсгалын 93 жилийн ойн үндэсний их баяр наадамд зургаа давж харцага цол хүртсэн Б.Пүрэвсайханг онцгой байдлын ахмад цолоор шагнажээ.
Харин онцгой байдлын ахлах дэслэгч цолыг “Инчеон-2014” Азийн наадмын жудо бөхийн төрөлд -48 кг жинд алтан медаль хүртсэн МУГТ М.Уранцэцэг, дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын Гран-при тэмцээнээс Шатарын их мастерын болзол хангасан Т.Батчимэг, жудо бөхийн олон улсын Гран при тэмцээнд +100 кг жинд алтан медаль хүртсэн ОУХМ Б.Тэмүүлэн, Казакстан улсад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, АНУ-ын Нью-Жерси мужид зохиогдсон цэргийн ДАШТ-ний алтан медальт ОУХМ О.Үйтүмэн нарт олгожээ. Түүнчлэн онцгой байдлын дэслэгч цолыг “Инчеон-2014” Азийн наадмын чөлөөт бөхийн -55 кг жинд мөнгөн медаль хүртсэн ОУХМ С.Бямбацэрэн, буудлага спортын ДАШТ-ний мөнгө, “Инчеон-2014” Азийн наадмын хүрэл медальт ОУХМ Т.Баярцэцэг, “Инчеон-2014” Азийн наадмын жудо бөхийн 90 кг жинд хүрэл медаль хүртсэн ОУХМ Л.Отгонбаатар нарт олгосон байна.
ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж ““Амь биеэ үл хайрлан тэмцье” уриатай Онцгой байдлын нийт бие бүрэлдэхүүний өмнөөс тэмцээн уралдаанд амжилттай оролцоод ирсэн та бүхэнд баяр хүргэж, цаашид илүү их хичээж, байгууллагынхаа нэрийг улам өндөрт өргөхийг хүсье. Улсын хэмжээнд Онцгой байдлын байгууллагад ажиллаж хүчин зүтгэдэг 4000 гаруй албан хаагч бий. Эдгээр хүмүүс тамирчин та бүгдийг үргэлж харж суугаа учраас спортын амжилтаа илүү ахиулж өөдөө дэвшээрэй” гэжээ.
Б.Чанцал