
Нийслэлийн Аялал жуулчлалын газраас жил бүр “Нийслэлийн өдөр”-өөр хүүхэд залуусыг Улаанбаатар хотын үйлдвэр, аж ахуйн болон түүх соёлын дурсгалт газруудтай танилцуулах аяллыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн аялалд Монголд сурч байгаа гадаад оюутнууд, Сэлбэ голоо цэвэрлэж үе тэнгийнхэндээ үлгэр дуурайл болж буй 117 дугаар сургуулийн 7б ангийн сурагч З.Буянхишиг ангийнхаа хүүхдүүдийн хамт, мөн нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн ажилтнууд оролцсон байна. Тэд Үндэсний түүхийн музей, Богдхан уулын Их тэнгэрийн амны хадны зураг, Ус сувгийн удирдах газрын Усны сургалтын төв зэрэг газартай танилцжээ. Аяллын турш хотын соёл, хотын түүхийн талаар мэргэжлийн хөтөч, тайлбарлагчид танилцуулж, нийслэлийн оюутан залуус жуулчны хөтөлбөрөөр нийслэлдээ нэг өдөр аяллаа.
Н.Дөлгөөн