Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Азийн сан”-гийн санхүүжилтээр нийслэлийн хэмжээнд гэр хорооллын оршин суугчдын амьдрах орчныг сайжруулах 20 гаруй иргэний оролцоотой төслүүд хэрэгжүүлсэн байна. Эдгээр төслийн нэг болох нийслэлийн Баянзүрх дүүргийн IX хороо VIII хэсгийн 57 дахь гудамжинд хүүхэд залуус тоглон, хөгшид нарлан суух амралтын талбайг ашиглалтанд оруулжээ. Энэхүү ажилд “Рояал блу скай” ХХК гүйцэтгэгчээр оролцож, IX хорооны 30 иргэн, “Давстайн булаг” нөхөрлөлийнхөн хамтран хур хог бүхий талбайг цэвэрлэн тэгшилж цементлэн, сүүдрэвч хийн, сандал хогийн сав байршуулж мод тарьж, хайс хашлага суурилуулжээ. Нийт 20 гаруй машин хог ачиж, 100 гаруй машин шороо асгаж амралтын талбайг байгуулсан аж. Нарлан суух талбайтай болсон иргэд “Өглөө хүүхдээ салхилуулж, өдөр нь залуус маань роликоор гулгах боломжтой боллоо” хэмээн талархлаа илэрхийлжээ. Харин амралтын талбайг цаашид “Давстайн булаг” нөхөрлөл, IX хороо бүрэн бүтэн байдлыг нь хариуцан хамгаалахаар болсон байна.
Н.Дөлгөөн