Сүү, сүүн бүтээгдэхүүний гурван цех их эрсдэлтэй байна

МХЕГ-аас “Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”-ын холбогдох заалтуудын хэрэгжилтэд шалгалт хийжээ. Хяналт шалгалтын төлөвлөгөөнд нийт 77 үйлдвэр, цех хамрагдахаас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй сүү, сүүн бүтээгдэхүүний 11 үйлдвэр, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Орхон, Сүхбаатар, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй 42 үйлдвэр, цехийн нийт 53 объект хамарсан байна. Харин 24 иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа түр болон бүрмөсөн зогсоосон, чиглэлээ өөрчилсөн зэрэг шалтгааны улмаас хамрагдаагүй гэнэ. Шалгалтад хамарсан аж ахуйн нэгжүүдийн 20.8 хувь нь нийслэлд, 79.2 хувь нь аймаг орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа ажээ. Шалгалтыг “Сүү, сүү бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудас”-аар үндсэн долоон бүлгийн 92, “Зайрмагийн үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудас”-аар үндсэн долоон бүлгийн  77 шалгуур үзүүлэлтийн дагуу хийж үнэлгээ өгчээ. Ингэхэд 21 үйлдвэр, цех эрсдэл багатай,  29 үйлдвэр, цех дунд, гурван цех их эрсдэлтэй гэсэн үнэлгээ авсан байна. Шалгалтын явцад хяналтын хуудасны үнэлгээгээр их буюу дунд эрсдэлтэй, үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоосон, албан шаардлага өгсөн 32 үйлдвэр, цехээс Ховд аймгийн “Нарийн хамар нөхөрлөл” зайрмагийн цех үйл ажиллагаагаа бүр мөсөн зогсоох хүсэлтэй байгаа аж. Баянгол дүүргийн “Сүүн сондор”, “Итали зайрмаг”, “ГУМ” зэрэг ХХК, Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Аюушжав, Хан-Уул дүүргийн “Тайширын хүлэг” ХХК-ийн болон иргэн Ц.Түмэндэмбэрэлийн үйлдвэрт гүйцэтгэлийн хяналт шалгалт хийхэд үүрэг даалгаварын биелэлт 71.4-85 хувьтай гарчээ. Харин “Хөвчийн гэгээ” ХХК-д найман заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлага өгсөн ч барилгын засварын ажил хийх санхүүгийн боломжоос шалтгаалан хугацаандаа гүйцэтгэж чадахгүй болсон тухай албан бичиг ирүүлсэн байна. Шалгалтад хамрагдсан сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, цехүүдэд давхардсан тоогоор 272 зөрчил илрүүлснээс газар дээр нь 139 буюу 51.1 хувийг арилгуулж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 185 заалт бүхий 20 албан шаардлагыг хүргүүлж, биелэлтэд нь хяналт тавьж хэрэгжилт 63.3 хувьтай байна. Сүхбаатар аймгийн Цагаанууд алаг ХХК-ийн “Арвин шим”, нийслэлийн “Сүүн сондор” ХХК, “Тайширын хүлэг” ХХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагаанд илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн актаар түр хугацаагаар зогсоосон байна. Харин өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж эрсдлээ бууруулсан “Сүүн сондор” ХХК, “Тайширын хүлэг” ХХК-ний үйлдвэрийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар сэргээжээ.

 

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил:

1. Хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийн 58.5 хувь нь үйлдвэрийн барилга байгууламжийг мэргэжлийн байгууллагын зураг төслийн дагуу бариагүй буюу өргөтгөж шинэчлээгүй;

2. Үйлдвэрүүдийн 30.2 хувь нь бүтээгдэхүүнийг бохирдуулахгүй нөхцөлийг бүрдүүлж, хүнсний зориулалтын хөргүүртэй тээврийн хэрэгслээр хангагдаагүй;

3. Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүдийн 67.9 хувь нь халуун ба хүйтэн бүсийг ялган  заагласан тэмдэглэгээгүй, 47.2 хувь нь гэрлийн бүрхүүлгүй, 56.6 хувь нь хана шал болон хана таазны хоорондын өнцгийг цэвэрлэхэд хялбар байхаар хийгээгүй, цонхны тавцан нь налуу биш, шал нь гулгадаггүй материалаар хийгдээгүй;

4. Шалгалтад хамарсан үйлдвэрүүдийн 69.8 хувь нь сүүнд бичил биетний тоог тодорхойлох тоног төхөөрөмж багаж хэрэгсэлгүй;

5. Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүдийн 66 хувь нь бэлэн бүтээгдэхүүн хүрэлцэх гадаргуугаас эмгэг төрүүлэгч бичил биетнийг илрүүлэх /арчдас/ шинжилгээ хийж, бүртгэл хөтөлдөггүй, 35.8 хувь нь ажиллагсдаа халдварт өвчнөөр өвчилсөн, эсхүл, ийм өвчтөнг асарсан тохиолдол бүрд тухайн ажилтныг эрүүл мэндийн үзлэгт хамруулдаггүй, 71.7 хувь нь ажиллагсаддаа ариун цэвэр, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр сургалт зохион байгуулж, бүртгэл хөтөлдөггүй;

6. Үйлдвэрүүдийн 81.1 хувь нь хүнсний бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтлөөгүй, 58.5 хувь нь зах зээлээс буцаан болон татан авсан бүтээгдэхүүнийг устгах буюу дахин боловсруулах журамгүй, ийм төрлийн бүтээгдэхүүнийг бусад бүтээгдэхүүнээс тусад нь хаягжуулж хадгалдаггүй;

7. Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчдийн 20.8 хувь нь бэлэн бүтээгдэхүүний шошгонд хэрэглэгчдэд зориулсан мэдээллийг бүрэн тусгаагүй, 86.6 хувь нь дотоод хяналтын журам боловсруулж, мөрдөж ажилладаггүй зэрэг зөрчил илэрчээ.

 

Н.Дөлгөөн

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.