Нийслэлийн 23 дугаар сургууль шалгалтанд бүдэрлээ

Чингэлтэй дүүргийн 23 дугаар сүргуулийн хүчин чадал, анги дүүргэлт зөвшөөрөх хэмжээнээс хэтэрч багш, сурагчдын эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангагдахгүй байгаа талаар эцэг эхчүүдээс гомдол гаргажээ. Үүний дагуу мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийсэн байна. Шалгалтаар сургуулийн хүчин чадал 2.5-3 дахин нэмэгдэж 2014-2015 оны хичээлийн жилд I ангийн долоон бүлэгт тус бүр 54-62 элсүүлсэн, бага, дунд ангиудад анги дүүргэлт зөвшөөрөгдөх нормоос 15-25 хүүхдээр хэтэрсэн нь тогтоогджээ. Энэ нь багшийн ачаалал хэт ихэсч, сургалтын хэвийн үйл ажиллагаа алдагдах нөхцлийг бүрдүүлж байгаа аж. Үүний улмаас нэг хүүхдэд ногдох талбай нормоос 2.2 дахин багассан, агаарын харьцангуй чийглэг эрүүл ахуйн зөвшөөрөгдөх доод хэмжээнээс 6.8 хувиар бага хуурайшилттай, агаарын хэм зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 3-6 хэмээр их байжээ. Мөн хүүхдийн нягтрал ихэссэнээс сурагчдын ширээ, сандлыг багтаах зорилгоор шахан тавьж, хоорондын зай, тохиргоог алдагдуулсан, 1а, 1е ангийн зарим сурагч самбар дээрх бичээсийг хэт хол, эсвэл хэт ойроос харан хичээллэдэг нь тогтоогдсон байна. Сурагчдын хөдөлгөөнийг хязгаарласан, бичил цаг уурын тохиромжгүй танхимд удаан хугацаагаар албадмал байрлалаар стандартын тохиргоо алдагдсан ширээ сандал дээр сууж хичээллэж байгаа нь хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилтөнд сөргөөр /харааны эрхтэн, нуруу, нугалам/ нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлж буйг хяналтынхан хэлж байна. Түүнчлэн сургуулийн цайны газар нь Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлдэг ч хүнсний төрөлжсөн агуулахгүй, хоол үйлдвэрлэлд тавих дотоодын хяналт хангалтгүй, ажиллагсдын амрах өрөөнд үдийн цайны бүтээгдэхүүнийг хадгалсан, хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх “Талх-чихэр” ХХК, “Мон-сүү” ХХК-тай хийсэн гэрээ нь журмын заалтыг хангаагүй байна. Тиймээс хоёрдугаар улирлын хичээл эхлэх хугацаанд зөрчил дутагдлаа арилгах, холбогдох дээд шатны байгууллагад асуудлыг тавьж шийдвэрлүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг сургуулийн захиралд үүрэг болгожээ.

 

М.Бат-Өлзий

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.