Нийслэлийн түүх соёлыг өгүүлсэн номуудын нээлт боллоо

Улаанбаатар хотын түүх соёлыг шингээсэн “Нийслэл Улаанбаатар”, “Улаанбаатар хотын барилгажилтын түүх”, “Шөнийн Улаанбаатар”, “Эх орны голомт” III боть номын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтэд НИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун болон эдгээр номыг эрхлэн гаргасан зохиогчид, П.Бадарч, Ш.Дулмаа зэрэг Ардын уран зохиолчид оролцлоо. Эдгээр номыг нийслэлийн ойн өдрийг тохиолдуулан гаргаж байгаа бөгөөд бүгд өөр өөрийн өнгө аястай бүтээлүүд аж. “Нийслэл Улаанбаатар” номд Улаанбаатар хотын түүхийг судалсан эрдэмтэн судлаачдын бүтээлийг он цагийн дарааллаар түүрвэсэн болм“Улаанбаатар хотын барилгажуулалтын түүх” номд нийслэлийн түүхийг гэрэл зургаар өгүүлжээ. Энэхүү ном нь Улаанбаатар хотын 1639 оноос өнөөг хүртэлх хот байгуулалт, төлөвлөлт, барилгажилтын түүхийг Өргөөний хөгжлийн үе, Манжийн эрхшээлийн үеийн Их хүрээ, Богд хаант Монгол Улсын Нийслэл хүрээ, БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хот, Ардчилсан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот гэсэн үндсэн таван бүлэгт хуваасан байна. Үүндээ “Эсгий хот”-оос “Азийн цагаан дагина” гэж нэрлэгдэх хүртлээ хөгжсөн Улаанбаатар хотын түүхэн цаг үеийг харуулсан судалбар зураг, архивын эд материалыг ашиглан баяжуулж гэрэл зургийн цомгийг цогцлон бүтээсэн бүтээл аж. Харин “Эх орны голомт” III боть ном нь алдарт уран зохиолчдын  үе үеийн нийслэл хотоо магтан шүлэглэсэн яруу найргийн дээжээс бүрджээ. “Шөнийн Улаанбаатар” ном нь нийслэлийн өнгө үзэмжийг шөнийн цагаар тольдсон гэрэл зургийн цомгоос бүрдсэн байна.

Н.Дөлгөөн

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.