Академич. Сэрээнэнгийн ГАЛСАН
Монгол Улсын Гавъяат Багш, Монгол Улсын Ардын Багш, Хэл шинжлэлийн Ухааны доктор, профессор
“ӨРНӨ”,“ДОРНО” ГЭДЭГ ОЙЛГОЛТ ХЭЛШИНЖЛЭЛТЭЙ ХОЛБОГДОХ НЬ
Бид нэг үе өрнийг, өрний хэл шинжлэлийг шүтэн биширч одоо болохоор дорно гэдэг нь агуу гэж шуурах болж буй нь манайхны бусгамтгай зангийн илрэл гэхээсээ илүү намжсан нийгмийн уур амьсгал үзэл сурталжсан чиглэлийн харгай байсныг товч дурьдаад өгүүлэх нь өрнө дорно гэдэг бол хэлшинжлэл болон ер нь шинжлэх ухааны хувьд бие биеэ үгүйсгэх байрлалд биш, бие биеэ нөхөх байрлалд байдаг болохыг олон зүйл дээр харж болох мэт санагдана. Дэлхийд муу шинжлэх ухаан, муу хэл, муу бичиг гэж хаана ч алга. Өрнийн матержсан хэлшинжлэхүй ухааныг дорнын хийсвэрлэгч хэлшинжлэл нөхөж байна. Өнөөдөр бид чухамдаа энэ хоёрын залгаан дээр буюу огтолцол дээр маш олон зүйлийг цоо шинээр харж, үндэслэж, тайлбарлах бололцоог олж авч байна гэж үзэж болно. Дорнын хэлшинжлэлд байдаг дуализм буюу хоёрдмол үзэл, жишээ нь хэлний авиалбар судлахуйн ухаан гэхэд л үнэний маш их үндэслэлтэй бөгөөд “а” авиалбар нэг талаас байна, нөгөө талаас алга гэдэг бол яагаад энэ вэ? гэсэн гүн бодолд оруулж болно. Ямар ч шинжлэх ухааны томъёолол болбодуулах ёсон мөн. Тухайн зүйл тухайн томъёолол хэдий чинээ бодуулж байна төдий чинээ шинжлэх ухаанч чанартай байна. Бодуулах ёсон, цаашлаад бясалгуулах ёсон бол аливаа номын, аливаа сургаалын мөн чанарыг ухаарах тулгуур чулуу нь мөн. Гүн бодолд оруулахгүйгээр аливаа сургаал номлол оршиж үл чадна. Аливаа хэлэнд хоёр үндсэн нэгж байгаа янзтай: нэрийн зүйл ба үйлийн зүйл. Энэ хоёрыг хооронд нь холбогч нэгэн зүйл бас байгаа. Үүнээс өөр юм бол хэлэнд алга, тиймээс монгол хэлэнд тухайлбал тэмдэг үг, тооны үг гэхээсээ тэмдэг нэр (тэмдгийн нэр), тооны нэр гэх нь илүү оновчтой. Монгол хэлэнд яахаараа “Уулаар нэг хонь”, “Ууланд нэг хонь” гэдэг хэллэг зарчмын эрс тэс ялгаата болдог байна? Нэг талаас өгөхийн ба оршихын утгыг заагч тийн ялгал, нөгөө талаас үйлдэхийн гэх тийн ялгал (энд бол үйлдэхийн утга ерөөсөө ч биш!! Энэ мэтийг хараад Ринчен гуай: монгол хэлэнд тийн ялгал байхгүй гэдэг байсан ч байж магадгүй!!). Монгол хэл үзэж буй гадаад хүн бол “Уулаар нэг хонь” гэхээр “нэг” гэдэг үг байгаа болохоор нэг л хонь юм байх гэж андуурдаг нь түмэн зөв. “Талаар нэг адуу” гэхээр уул тал хонь адуугаар бүрхмэл байгаа гэсэн утгатай мэтийг бид тэр бүр анзаардаггүй. Энэ бүхэнд “Яагаад?” гэж асуулт тавиад, тавьсан асуултынхаа хариуг өөрөө олж харж байвал нөгөө бодлогоширч байгаагийн ойрын нэг гэрч болно. Энэ мэтийг цаашид их ургуулан бодох ёстой. “Нэг” гэдэг үгийн хэрэглээг олон талаас нь нарийвчлан ажиглавал их сонин зүйл гарна. 1970-аад оны үед “нэг” гэдэг үгийн хэрэглээ нь англи хэлний үл тодорхой артикльтай таарч байгааг агуу их Ринчен гуай ажиглаад бичсэн нь бий. Гэтэл, “Би чамайг нэг чадна даа” гэвэл, эсвэл борцтой сайхан цай ууж нэг цадлаа даа гэх мэт олон хэллэг нь Ринчен гуайн энэ хэлснээс нэг л өөр байна. “Тоо бодлого” гэдэг шиг “хэл бодлого” гээч зүйл байх ёстой гэж би боддог. “Хэлний бодлогын хураамал” гэсэн ном ч баймаар байна. Энэ бол хэлний улс төрийн бодлогыг хэлж буй хэрэг ерөөс биш.
Чухамхүү өрнө дорнын хэлшинжлэлийн онолыг зэрэгцүүлэн тунгаан судалваас судалгааны хоёр сайн морь унаж явна гэсэн үг. Морины сайн муу байх нь чиний өөрийн хэлний онолын мэдлэгээс ихээхэн шалтгаална. Онолын мэдлэг дээр онолжсон практикийг нэмэх учиртай юм. Чи төрөлх хэлээ сайн мэдье гэвэл гүнзгий онолын зэрэгцээ хүний хүнд төрөлх хэлээ зааж үз. Төрөлх хэлээ хүний хэлний булангаар дурандаж үз. Тэгээд ихэд бодлогошир, тунгаа. Тэгвэл мөн ч олон зүйлийг цоо шинээр харах болноо. Болж өгвөл магистр, аспирантад буюу эсвэл монгол хэлээр мэргэжил эзэмшсэн гадаадын хүнд эх хэлээ заавал орчуулга мэтээр хэлний онцлогоо мэдрүүлбэл чи өөрөө их юм олж авна. Би бүрэн бус дээд боловсролтой байхдаа дунд сургуульд монгол хэлийг . жил заажээ. Дараа Орост аспирантурт 3 жил сурахдаа Оросын Гадаад Яаманд монгол хэлний дээд боловсролтой (тэр үеийн Дашьян, Ткачёв, Стрельцов, Катеринич мэтийн) сүрхий дипломатчуудад бүтэн гурван жил монгол хэл зааж билээ. Дараа нь би Монгол дахь оросын элчин сайдын яаманд бүтэн 6 жил монгол хэл заасан.
Москвагийн Их Сургууль, Бээжингийн Их Сургууль, Варшавын Их Сургуульд монгол хэл зааж, Монголд гадаад дотоодын монгол хэлээр хамгаалсан шижгэр шижгэр бүтээлийг шүүж, шүүмжээ нийтэлжээ. Ийм үед өрнө ба дорнын хэлний онолыг эзэмшсэн байх явдал ус агаар шиг хэрэгтэй.
Өрнийн материаллаг голтой хэлшинжлэлд дорнын материаллаг бус хийсвэрлэх онол, хоосон чанарын сургааль, хоёрдмол үзэл, гурамсан сургааль зэрэг бол өрнийн үгүйсгэх биш нөхөхбайрлалд байгаа юм шүү гэдгийг олон зүйлээр баталж болно. Нэг жишээ татъя: Зэн буддизмын сургаальд “3 ямхын эрдэмтэн олширвол муу” гэсэн нэг далд утгатай хэллэг бий. Аль ч хэлэнд гүний ба өнгөн утга гэдэг ойлголт байна. “3 ямх” гэдэг нь чухам ямар хэмжээ вэ? гэдэг асуулт гарна. Энэ бол нэг үзүүр сөөм л бололтой хэмжээ юм. Хүний завьжнаас чихний хонхор хүртлэх зай болотой юм. Энэ нь өнгөн утга нь юм. Гүн утга нь чихээр сонссоныгоо амаараа дурмэдэн бурж байдаг эрдэмтэн олширвол муу гэсэн тун ч гүнзгий утга гарч ирнэ.
Дуслыг хурааваас далай болно. Дуулсныг хурааваас эрдэм болно гэсэн нэг мэргэн хэллэг байдаг ч гэсэн нүдээр тунгааж тархиндаа бясалгахаас илүү зүйл (номтой зууралдах) үнэхээр байхгүй. Өрнийн ном сайн, дорнын ном муу гэх ч юм уу, эсвэл дорно бол агуу, өрнө бол тиймэрхүү гэсэн ойлголт байвал шинжлэх ухаанч биш болох байна. Үүн дээр аливаа судалгааны олон жилийн, олон зууны түүх гэж агуу юм байна. Манайхан өнөөдөр (зарим нөхөд) америкийн хэлшинжлэл тухайлбал “дискурсийн онол”, “когнитив онол” гэж их хашгирах болж. Жишээ нь, ерөнхий хэлшинжлэлийн онол гэдэг бол ямар ч хэлний судлаачид маш чухал, өөрөөр хэлбэл хэлшинжээтний “дээд тоо” гэсэн үг. Үүнийг үндэслэгч нь швейцари гаралтай америк эрдэмтэн Ф. Де Соссюр мөнөөс мөн. Энэ хүн олон ном бичээгүй. Их хүн байх гэдэг нь заавал олон ном бичсэнд ч бас байх ёстой биш шиг байдаг. Соссюрын Ерөнхий хэлшинжлэлийн курс гэдэг бол хэлшинжээч хүний ширээний ном байх учиртай. Америкийн Сепирийн “Хэл” гэдэг ном, Францын Мейе, мөн Вандриесын “Хэл” гэдэг ном, Хюмбольдын сургаал, Оросын агуу их Буслаев, Шахматов, Пешковский, Щерба нарын ном цөм хэлний онолын суурь болдог бол, Энэтхэгийн Панины Хэлзүйгээс эхлээд дундад зууны үеийн том том эрдэмтдийн бүтээл бол мөн л цөм бие биеэ нөхөх байрлалд байна.
Дээр дурьдсан Америк гэхэд хэл шинжлэлд тодорхой цөөн тооны цоорсон дэлхийн хүн төрөн гарсан байхад Америкийн хэлшинжлэл гээч юм нь өөрөө дөнгөж 1910-аад оны үетэй холбогдож байх жишээтэй юм. Чингэхээр Америкийн прагматум, когнитив руу хэт шуураад хэрэггүй.