ОБЕГ-аас “Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах салбарт хамтран ажиллах тухай” Монгол Улсын Засгийн газар, Оросын холбооны улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хоёр улсын хамтарсан комиссын ээлжит XIII хуралдааныг энэ сарын 22-24-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Энэ нь хил орчмын гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, хоёр улсын ард иргэдийн амгалан тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах зорилготой ажээ.
ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж ОХУ-ын Онцгой байдлын яамны Цэргийн хэргийн ерөнхий шинжээч, Комиссын оросын хэсгийн дарга, дэслэгч-генерал Э.Н.Чижиков тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, санал солилцлоо.
Энэ удаагийн хуралдааныг зохион байгуулахаас хэдхэн долоо хоногийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины манай улсад хийсэн төрийн айлчлалын үеэр “Ойг түймрээс хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг үзэглэсэн. Тус хэлэлцээрт талууд ойн болон хээрийн газар нутгийн түймрээс хамгаалах бүсийг тогтоох, хоёр улсын хилийн шугамаас тал тус бүрийн нутаг дэвсгэр дээрх 10 км өргөн зурвас хамаарах, талуудын төрийн захиргааны байгууллага болон нутгийн өөрөө удирдах байгууллага хооронд хамтран ажиллана” гэж заасан юм.
Комиссын хуралдааныг хоёр улсын гамшгаас хамгаалах, онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага хамтран 1995 оноос хойш зохион байгуулж, байгалийн болон хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой гамшиг осол, тухайлбал хил дамнасан гамшиг аюулт үзэгдэл, үйлдвэрийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдлэг туршлага солилцож, ард иргэдийн амь нас, өмч хөрөнгийг авран хамгаалах их үйлсийн төлөө хамтран ажиллаж байгаа аж.
2012 онд ОХУ-д ээлжит XII хуралдааныг зохион байгуулж Монгол Улс, ОХУ-ын хил орчмын аймаг, субъектууд хоорондын харилцан ажиллагаа, хил дамнасан онцгой байдал, ой, хээрийн түймэр гарахаас урьдчилан сэргийлэх, онцгой байдал үүсч болзошгүй болон үүссэн тохиолдолд цаг хугацаа алдалгүй харилцан мэдээлж, шуурхай арга хэмжээ авч ажиллах, хил дамнасан түймэр, тэдгээрээс учрах хохиролыг бууруулах, Монгол Улсын Онцгой байдлын албаны ажилтан, албан хаагчдыг ОХУ-ын ОБЯ-ны академиуд болон сургалтын төвүүдэд сургах зэрэг цаг үеийн тулгамдсан олон асуудлын талаар хэлэлцсэн байдаг.
Сүүлийн жилүүдэд манай хоёр улсад гамшиг ослын цагийн байдал хүндхэн, байгалийн гамшгаас үүдэн хүний амь нас, улс эх орны эдийн засагт учрах хохирол буурахгүй байгаа. Тухайлбал, 2013 онд Монгол Улсын хэмжээнд нийт 19 аймгийн 89 суманд 198 удаагийн ой, хээрийн түймэр гарч 5854 га ой, 5.601.953 га хээрийн бүс шатсан. Үүнээс хил орчмын бүс нутгаар 20 удаагийн ой, хээрийн түймэр гарч, 9.2 сая га хээрийн бүс шатаж, 135.2 сая төгрөгийн хохирол учирсан бол хоёр улсын хил дамнасан гурван удаагийн түймэр гарсан байдаг аж. Харин энэ он гарсаар Монгол Улсын хэмжээнд 17 аймгийн 74 суманд 178 удаагийн ой, хээрийн түймэр гарч 3491 га ой, 1.603.958 га хээрийн бүс шатсан бол хоёр улсын хил орчимд дөрвөн удаагийн түймэр гарч 14011 га хээрийн бүс сүйдсэн байна.
Байгалийн болон хүний хүчин зүйлтэй холбоотой эдгээр гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах зохицуулалтын чадавхийг бэхжүүлэх зорилгоор манай улсын Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, ОХУ-ын ОБЯ-ны Бүгд Найрамдах Буриад Улс дахь Ерөнхий газар хоорондын ажлын уулзалтыг өнгөрсөн гуравдугаар сард Сэлэнгэ аймагт амжилттай зохион байгуулсан байдаг. Тэгвэл Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, ОХУ-ын ОБЯ-ны Өвөр байгалийн хязгаар дахь Ерөнхий газартай, Завхан, Увс, Ховд аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, Бүгд Найрамдах Тува Улс дахь Ерөнхий газартай ажлын уулзалтуудыг энэ онд багтаан зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.
2012-2014 онд манай улсаас ОХУ-ын ОБЯ-ны Гал эсэргүүцэх албаны академид зохион байгуулдаг Гал унтраах ангийн захирагч нарын мэргэжил дээшлүүлэх сургалтад 20, Галын улсын хяналтын байцаагч нарын мэргэжил дээшлүүлэх сургалтад 10, ОХУ-ын ОБЯ-наас Москва хотноо зохион байгуулдаг Нэгдсэн аюулгүй байдлын үзэсгэлэн (ISSE)-д хоёр хүн суралцсан байна. Мөн ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядын Аврагч бэлтгэх сургалтын төвд зохион байгуулагддаг Усанд аврах ажиллагааны сургагч багш бэлтгэх сургалт, Усанд аврах ажиллагааны аврагч бэлтгэх сургалтад нийт 38 албан хаагч тус тус хамрагдсан бол Иргэний хамгаалалт, галын аюулгүй байдлын мэргэжлээр магистрын зэрэг олгох хөтөлбөрт нийт 30 албан хаагч элсэн суралцаж байгаа ажээ.