Ховд аймгийн ЗДТГ-аас санаачлан “Ном” хөтөлбөрийн хүрээнд Уран үгсийн чуулган уншигч зохиолчдын уулзалтыг энэ сарын 13-19-ны өдрүүдэд зохион байгуулжээ. Тус уулзалтад Ардын уран зохиолч Т.Галсан, МЗЭ-ийн гүйцэтгэх захирал, яруу найрагч Г.Мөнхцэцэг, Төрийн шагналт, яруу найрагч Ц.Бавуудорж, Д.Нацагдоржийн шагналт, яруу найрагч Х.Чилаажав, Б.Ичинхорлоо, Ж.Баяржаргал, О.Чинбаяр, МЗЭ-ийн шагналт Б.Золбаяр, Ш.Одонтөр нар оролцсон байна. Ховд аймгийн бүх суманд очиж эх хэл, утга зохиолын тухай ярилцсан зохиолчдыг нутаг орныхон хүүхэд багачууд баяртай хүлээн авч өөрсдийн зохиол бүтээлээс уншин, дуу хуураа өргөж, Ховдын хязгаар эх хэл, утга соёлоор дүүрэн амьсгалжээ. Зохиолч найрагчид Ховд аймгийн 8000 гаруй оюутан, сурагчтай уулзсан байна. Сүүлийн 10 жилд Ховд аймагт ийм олон зохиолч очиж байгаагүй бөгөөд бүх суманд зохиолчид очиж соёлын үрийг тарьсан тохиолдол шинэ зуун гарсаар анх удаа болж буй нь энэ аж. Мөн Ховд аймагт 1973 онд Төрийн шагналт,яруу найрагч Бэгзийн Явуухулан очиж мод тарьсан нь эдүгээ яруу найргийн цэцэрлэгт хүрээлэн болон өргөжиж их найрагч түүндээ зориулан шүлэг бичсэн нь дуу болон түгсэн түүхтэй. Тэр цагаас хойш зохиолч, уран бүтээлчид Б.Явуухулангийн тарьсан модны дэргэд очиж уран бүтээлийнхээ онгод хийморийг бадраадаг болсон байна. Энэ гэгээн жимээр МЗЭ-ийн удирдлага тэргүүтэй зохиолч, уран бүтээлчид Б.Явуухулангийн модыг тойрон шүлэг зохиолоо өргөөд зогсохгүй аймгийн төвд өөрсдийн нэр хаягтай нэг нэг мод тарьцгаажээ.



