“Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд дэлхийн мэдээллийн технологийн тэргүүлэгч “Google” компанитай хамтран Улаанбаатар хотыг дэлхий нийтэд танилцуулж, аялал жуулчлалыг дэмжиж, эдийн засгийн өрсөлдөх чадварыг хөгжүүлэх зорилгоор Google Map, Google Street View, Google Culture Institute, Google Art project төслүүдийг хэрэгжүүлж эхлээд байгаа ажээ. “Google” компанитай хоёр жил орчмын хугацаанд хамтран ажиллаж төслийн туршилтыг бүрэн хийсний үндсэн дээр өнөөдөр Чингисийн талбайд Google street view албан ёсны нээлтээ хийх юм байна. Ингэснээр дэлхийн аль ч цэгээс гар утас болон компьютер ашиглан хотын бүх гудамж талбай, музей, ресторан, барилга байшин дотор аялах боломжтой болох гэнэ. Одоогийн байдлаар дэлхийн 60 улсын 4000 орчим хотын найман сая км замын дүрслэл Google street view-д бүртгэгдээд байгаа аж. Street view- ийн тусламжтайгаар Вашингтон, Нью-Иорк, Лондон, Парис, Токио, Хонг-Конг, болон бусад томоохон хотод аялал хийх боломж нээгдээд байгаа юм байна. Харин төв Азийн бүс нутагтаа Street view-д бүрэн хэмжээнд орж байгаа анхны хот нь манай Улаанбаатар болж байгаа аж. Google street view-д Улаанбаатарын зураглалыг холбосноор дэлхийн хамгийн том мэдээллийн сүлжээ Google map болон search, youtube-ээр Улаанбаатарын мэдээллийг ойлгомжтой хэлбэрээр гадаад дотоодын хэрэглэгчдэд хүргэх боломж бүрдэх юм байна. Ингэснээр манай улсын аялал жуулчлалын хөгжил, цаашлаад эдийн засагт ч чухал хувь нэмэр болно гэдгийг албаныхан онцолж буй. Мөн хотын аюулгүй байдалд нөлөөлж, гэмт хэргийн нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа. Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Google”-ийн бүс хариуцсан удирдлагатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах гэнэ. Мөн Street View-ийн боломж бололцоог Монголын жишээн дээр үзүүлэн тайлбарлаж, иргэдийн сонирхсон асуултад “Google”-ийн төлөөлөгчид болон нийслэлийн удирдлагууд шууд хариулах аж.
