Бүх нийтийн их цэвэрлэгээний өдөр 2635 тонн хог цэвэрлэв

Нийслэлийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын хэмжээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулжээ. Цэвэрлэгээнд 6899 аж ахуйн нэгжийн 37 мянга 310 иргэн оролцон нийт 963 мянга 886 ам метр  зам талбайгаас 2635 тонн хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэжээ. Мөн нийтийн тээврийн 35 байршлын автобусны эцсийн буудлуудыг цэвэрлэсэн байна. Нийслэлийн 78 харьяа газар, агентлагийн 2879 ажилтан, албан хаагчид цэвэрлэгээний ажилд оролцож Их тойруу, Их Монгол Улсын гудамж, Энхтайвны гүүрийн урд, хойд хэсгийн гүүрэн доогуурх эргэлттэй зам, Нарны замаас Хайлаастын далангийн үзүүр, Сэлбэ голыг цэвэрлэсэн аж. Мөн Дунд гол, замын цагдаагийн төмөр замын гармаас Энгелсийн гүүр, Засгийн газрын  ордноос Долоон буудал, Нарны гүүрнээс Нарантуулын уулзвар хүртэлх Нарны замыг цэвэрлэжээ. НОБГ, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, НМХГ, нийслэлийн Нийтийн тээврийн газар, нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар, Улаанбаатар сан, Улаанбаатар лифт, Өсвөр үе хүнс, Багачууд хүнс, Дотоод аудит гэх мэт олон байгууллага их цэвэрлэгээнд идэвхитэй оролцсон байна.

Харин Баянгол дүүргийн  “Сувилахуйн сургууль”, “Хаан” банк, “21 дүгээр зуун” ресторан,  “Бадмаараг” төсөл, Туул 13-7 Ветьнам засвар, Гарма гаржид хийд, “Москва комплекс”, “Жаргалан” дэлгүүр, “Дэлгэрэх” СӨХ, Кинова төвийн урд байрлах Вьетнам авто засвар, “Галын дөл” СӨХ, “Гэрлэн чимэглэл”, “УБ Палас”, “Алейка” бөөний төв, “Манай эмнэлэг” ӨЭМН,  Хан-уул дүүргийн “Мандах 68” СӨХ, “Элигант Хаус” зэрэг байгууллага цэвэрлэгээнд гараагүй байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн Магнай шатахуун түгээгүүрийн станц, “Монгео” ХХК, “Сүлжуу” ХХК, “Нарны зайн үйлдвэр”, “Жинст өргөө” орон сууцны контор, “Ар жанар” ХХК, “Сайхан хангай” дэлгүүр, “Орчлон” кафе, “Андууд” караоке, “Өнөр” кафе, “Анар” үсчин, “Байгаль” үсчин гэх мэт аж ахуйн нэгжүүд их цэвэрлэгээнд гараагүй ажээ. Цаашид их цэвэрлэгээнд удаа дараа гараагүй, Хог хаягдлын тухай хуулийн дагуу ойр орчны 50 хүртэлх метр газраа цэвэрлээгүй аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах юм байна. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.