Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах 22 дахь удаагийн уралдааныг нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдаж дууслаа. Уг наадмыг нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын ивээл дор жил бүр зохиодог юм байна. Уралдааны анхан шатны шалгаруулалт дүүргүүдэд энэ сарын 8-10-ны өдрүүдэд, хоёрдугаар шатны шалгаруулалт Монголын Хүүхдийн ордонд 17-нд болжээ. Анхан шатны шалгаруулалтад нийслэлийн есөн дүүргийн 74 сургуулийн 4000 гаруй хүүхэд оролцсоноос төгсгөлийн шатны шалгаруулалтанд есөн дүүргийн 21 сургуулийн 1530 хүүхэд, 27 багш авьяас чадвараа сорин оролцсон байна.
Уралдааны
• Нэгдүгээр байранд Сүхбаатар дүүргийн Монгол-Оросын хамтарсан III сургууль
• Хоёрдугаар байранд Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль
• Гуравдугаарт байранд Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургууль
• Тусгай байранд Хан-Уул дүүргийн 52 дугаар сургууль
• Тусгай байранд Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургууль
• Шилдэг удирдаач багшаар Монгол-Оросын хамтарсан III сургуулийн хөгжмийн багш Р.П Арефьев
• Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн хөгжмийн багш Ц.Гандолгор
• Шилдэг найралжуулагч багшаар Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн хөгжмийн багш Д.Эрдэнэбаяр нар тус тус шалгарлаа.
Шагналтнуудын нэгдсэн гала концерт Нийслэлийн өдрийн хүндэтгэлийн нэгэн гол арга хэмжээ болж энэ сарын 29-ний өдөр Соёлын төв өргөөнд тоглох юм байна.