Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болж, дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Хан-Уул дүүрэгт энэ сарын 04-17-ны өдрийн хооронд 32 гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 302 мэдээллийг захиргааны арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна. Дээрх хугацаанд гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуйн нэгжид учирсан 21.2 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ. Мөн тус дүүргийн нутаг дэвсгэрт гал түймрийн зургаа, гал түймрийн зөрчлийн тав, нийт 11 дуудлага ирснээс нэг гал түймрийг иргэд унтрааж, 10-ыг нь гал унтраах ангийн хүчээр унтраажээ.
Тэгвэл Баянгол дүүрэгт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 892 зөрчил бүртгэгдэж нийт 10 сая 972 мянган төгрөгийн торгууль ноогдуулсан байна. Дүүргийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсээс цагдаа, мэргэжлийн хяналтын хэлтсүүдтэй хамтран дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр хүнсний худалдааны “ТОСА” төвд гэнэтийн шалгалт зохион байгуулсан ба шалгалтаар тарваганы мах нэг, мөн тарваганы хүн мах болон дотор эрхтэн 24 боодол, нэрмэл архи 12 сав буюу 960 литрийг илрүүлэн хураан авч устгажээ. Зохих зөвшөөрөлгүй худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэдийн үйл ажиллагаанд шалгалт хийж зөрчилтэй, зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж байсан долоон иргэнийг баривчлан түр саатуулж төвийн үйл ажиллагааг түр зогсоосон байна. Түүнчлэн өнгөрсөн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 13 удаагийн обьектын гал түймэр гарч үүнээс хогийн цэг шатсан зургаан удаагийн дуудлага гарч Онцгой байдлын албан хаагчид голомтод нь очиж үүрэг гүйцэтгэжээ.
Баянзүрх дүүрэгт гэмт хэргийн зөрчлийг өнгөрсөн 14 хоногтой харьцуулахад нийт дуудлага 3.5, гэмт хэргийн шинжтэй дуудлага 9.3, захиргааны зөрчлийн шинжтэй дуудлага 5.8 хувиар тус тус өссөн байна. Тус дүүрэгт өнгөрсөн 14 хоногт аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын дуудлагагүй, гал түймрийн 42 дуудлагатай байжээ. Гамшгаас хамгаалах урьдчилан сэргийлэх сургалт, дадлагыг энэ хугацаанд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд гурван удаа зохион байгуулсан байна.
Налайх дүүрэгт дээрх хугацаанд 14 гомдол мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэн, 10 гомдол мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, 129 мэдээллийг захиргааны арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна. Энэ хугацаанд 290 мянган төгрөгийн хохирол нөхөн төлүүлж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан нийт хэргийн долоо нь хөнгөн, зургаа нь хүндэвтэр, нэг нь хүнд хэрэг байгаа аж. Тиймээс гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС-ийн сурагчдад сургалт явуулж, II хорооны Тайж, Нарлаг хэсгийн 130 айл өрхөд үзлэг шалгалт хийж 21 зөрчлийг газар дээр нь арилгуулж, таравган тахал өвчөөс урьдчилан сэргийлэх зорилгоор байгуулагдсан хяналтын постыг энэ сарын 16-ны өдрөөс татан буулгажээ.
Сүхбаатар дүүрэг өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу 468 хүнийг 1.825.227, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиар зургаан хүнийг 1.450.000, тамхины хяналтын тухай хуулиар дөрвөн хүнийг 200 мянга, эрүүлжүүлсэн 386 хүнийг 1.104.730 төгрөгөөр тус тус торгож арга хэмжээ авчээ. Мөн зам тээврийн ослын холбогдолтой нийт 826 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс хүн гэмтсэн 29, осол, зөрчлийн 39 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулжээ. Гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр дүүргийн XIII хороо, өрхийн эмнэлэгтэй хамтран тус хорооны иргэдэд гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалтыг энэ сарын 08-ны өдөр зохион байгуулсан бөгөөд сургалтад 60 иргэн хамрагдсан байна. Мөн дүүргийн “Блю скай”, “Оршил констракшн” компани, ЭМЖЖ эмнэлэгийн нийт 426 албан хаагчид гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулжээ.
Харин Багахангай дүүрэгт дээрх хугацаанд иргэд, албан тушаалтнаас гэмт хэргийн шинжтэй тав, захиргааны зөрчлийн шинжтэй 10 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногоос гэмт хэргийн шинжтэй тав, захиргааны зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл найман нэгжээр тус тус өссөн үзүүлэлт ажээ. Архидан согтуурч бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 13 иргэнийг эрүүлжүүлж, гудамж талбай олон нийтийн газар бусдын амгалан тайван байдал алдагдуулсан дөрвөн иргэнийг 75 мянган төгрөгөөр торгож, нэг иргэнийг 20 хоног баривчлуулж захиргааны арга хэмжээ авсан байна.
Сонгинохайрхан дүүрэг өнгөрсөн 15-ны байдлаар дүүргийн хэмжээнд эхний 14 хоногт гэмт хэргийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийхэд хулгайн гэмт хэрэг ес, бусдын бие махбодид гэмтэл учруулсан гэмт хэрэг дөрөв байгаа нь нийт гэмт хэргийн 65 хувийг эзэлж байгаа ажээ. Иймд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг 14 хорооны нутаг дэвсгэрт машинт болон явган эргүүл хариуцсан чиглэлүүдийг өөрчлөн зохион байгуулснаар үйлдэгдсэн эзэнгүй хулгайлах гэмт хэргийн гаралт буурсан байна. Тус дүүргийн нутаг дэвсгэрт сүүлийн 14 хоногийн хугацаанд обьектын 24, гамшиг ослын гурван удаагийн дуудлага гарч Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангиуд шуурхай ажиллан иргэд аж ахуй нэгж, байгууллагад учирч болох 180 сая төгрөгийн өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалсан байна. Нийслэлийн Засаг даргын өнгөрсөн долдугаар сарын 25-ны өдрийн А/634 захирамжийн дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс, НМХГ, цагдаагийн байгууллагын ажлын хэсэг Эмээлт, Баруунтурууны авто вокзалууд дээр 24 цагаар үүрэг гүйцэтгэж хоногт дунджаар 900-1500 автомашинд хяналт шалгалтыг явуулж байгаа аж.
Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс нь I-IX хороодын нутаг дэвсгэрийг /54088 хүн ам бүхий/ хариуцан ажилладаг юм байна. Эдгээр хорооны хэмжээнд өнгөрсөн сарын сүүлийн 14 хоногт 63, энэ сарын эхний 14 хоногт 62 гэмт хэрэг бүртгэгдэн нэг нэгжээр өссөн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд иргэд, албан тушаалтнаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй 1323 дуудлага мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 15 хоногоос найман нэгжээр буюу 0.6 хувиар буурсан үзүүлэлт аж. Ирсэн дуудлага мэдээллийн 1266 нь жижүүрээр, 57 нь өргөдлөөр бүртгэгдсэн байна. Мөн Замын цагдаагийн тасгийн бие бүрэлдэхүүнээс гудамж, замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 402 жолоочийг илрүүлэн эрхийг хасч, замын хөдөлгөөнд үргэлжлүүлэн оролцох боломжгүй 86 тээврийн хэрэгслийг түр саатуулан журамлажээ.