Нийслэлийн 375 жилийн ойд зориулан “Нийслэлийн өдөр”-өөр буюу энэ сарын 29-нд төв талбайд “Их хотын хямдрал 375” өдөрлөгийг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж буй. Тус үйл ажиллагааны талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа болон хямдралтай худалдаанд оролцож буй аж ахуйн нэгжийн төлөөллүүд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Нийслэлийн ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран зохион байгуулж байгаа энэхүү өдөрлөгт үндэсний томоохон үйлдвэрлэгч, худалдаа үйлчилгээ эрхлэгч 100 гаруй аж ахуй нэгж оролцож, 20-50 хувийн хямдралтай, урамшуулалтай, бэлэгтэй худалдаа явуулах юм байна. Тухайлбал, “Дархан нэхий”, “Буян”, “BEST SHOES”, “Эксклюзив” зэрэг компани бүх бараагаа 50 хувьв хаямд үнээр худалдаалах бол “Саян-Уул” ХХК мах махан бүтээгдэхүүндээ 20 хувь, “Талх чихэр”, “Өгөөж чихэр боов”, Транс трейд”, “Мах-Импекс”, “Очир дагинас”, “MCS кока кола” ХХК, “Миш маш” ХХК, “Тесо” корпораци, “Сүү”, “Алтантариа” ХХК, “НВЦ” ХХК зэрэг компани хямдралтай, бэлэгтэй худалдаагаар үйлчлэхээр болжээ. Мөн өөрийн байрандаа Боса худалдааны төв 50 худалдаа эрхэлж, үсчин,гоо сайхны газрууд хямдралтай үнээр иргэдэд үйлчилэх гэнэ. Энэхүү хямдрхалтай худалдааг нийслэлийн төв талбайгаас гадна дүүрэг бүрт зохион байгуулах аж.
-Хан-Уул дүүргийн V хороо “Яармаг” худалдааны төвийн гадна талбайд
-Сүхбаатар дүүргийн IV хороо Цэрэндоржийн гудамжинд
-Сонгинохайрхан дүүргийн XIV хороо “Цамбагарав” худалдааны төвийн гадна талбайд
-Баянгол дүүргийн XV хороо Энэбишийн өргөн чөлөө “Байгаль эх” цогцолборын гадна талбайд, XIX хороо Ард Аюушийн гудамж “Смарт” худалдааны төвийн гадна талбайд
-Чингэлтэй дүүрэг V хороо Тусгаар тогтнолын талбайд, Баянзүрх дүүрэг IV хороо Жуковын нэрэмжит талбайд тус тус зохион байгуулах юм байна. Хямдралтай худалдаа нийслэлийн төв талбайд 11.00 цагаас иргэдэд үйлчилж эхлэх бол 13.30 цагаас худалдааны цан цохиж албан ёсоор нээх гэнэ. Энэ үеэр “НВЦ” ХХК таван метр диаметртэй хамгийн том Омлет хийж, залуу тахианы тэжээллэг өндөгөө 180 төгрөгөөр худалдаалах бол Арьс ширний холбооноос нийслэлийн ойг тохиолдуулан 375 хос арьсан бээлийг 50 хувийн хямдралтай борлуулах зэрэг бэлгийг иргэддээ барихаар төлөвлөж буй. Харин аж ахуйн нэгжүүдийн хямдралтай худалдах хүнсний бараа бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд мэргэжлийн байгууллагынхан хяналт тавьж ажиллах ажээ.