Парадад 8000 орчим иргэн оролцлоо

Энэ сарын 29-нд буюу нийслэлийн 375 жилийн ойн өдрөөр нийслэлийн төв талбайд анх удаа парад зохион байгуулахаар болжээ. Парадад төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллага, их дээд сургууль зэрэг 30 гаруй байгууллагын 8000 орчим ажилтан албан хаагч, оюутан залуус оролцохоор бүртгүүлээд байгаа аж. Олон улсын хэмжээнд хотуудын баяраар зохион байгуулдаг нэгэн том арга хэмжээ нь тухайн хотын даргын нэрэмжит парад  байдаг.

Парадад сонирхсон албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд оролцох бүрэн боломжтой бөгөөд энэ өдөр нийслэлийн иргэдэд зориулсан хоолны амталгаат худалдаа, их хотын хямдрал, урлагийн тоглолт зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулах юм байна. Мөн энэ өдөр “Тэнгис”, “Өргөө” кино театрууд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр, Монголын Үндэсний музей, Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Уран зургийн галлерей, Монголын Театрын музей, Улаанбаатар хотын музей үнэ төлбөргүйгээр иргэддээ үйлчлэхээр боллоо. Нийтийн тээврийн үйлчилгээ ч мөн 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлэхээр болсон байна.

Өнөөгийн Улаанбаатар хот үүссэн тухайд гэвэл 1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт Цагаан нуур буюу Ширээт нуур гэдэг газар шашны тэргүүнээр Занабазарыг өргөмжлөхдөө түүнд зориулж Орд-Өргөөг байгуулж өгчээ. Энэ өргөө нь өнөөгийн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын үүсэл болсон гэж үздэг.


Өргөө нь: -Монголын шарын шашны төв, Халх Монголын улс төрийн төв, гадаад дотоодын худалдааны чухал зангилаа голомт болж байжээ. Өөрөөр хэлбэл, Өргөө нь жинхэнэ хот болон хувирах хөгжлийн шинэ үедээ орсон байна. Ингээд 1651-1706 онд Номын хүрээ хэмээн нэрлэгдэж байгаад 1706 оноос өнөөгийн Улаанбаатар хотын төв хэсэг байрлаж буй Сэлбийн голын хөндийд буун суурьшиж 1911 оныг хүртэл Их хүрээ гэж нэрлэгдэх болжээ. Харин 1912-1921 онд Нийслэл хүрээ, 1924 оноос Улаанбаатар хот хэмээн нэрлэгдэх болсон байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.