888 төслөөс авлигачид тодорч болзошгүй
Засгийн газраас зарласан импортыг орлох экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх тухай төслийн шалгаруулалтад 888 төсөл шалгараад байгаа. Уг төсөлд нийт 7.3 их наяд төгрөг шаардлагатай бөгөөд үүнээс 4.2 их наядын зээл авах хүсэлтийг Хөгжлийн банкинд ирүүлээд байгаа ажээ. Эдийн засгийн хөгжлийн сайдын үзэж буйгаар энэхүү төслийг дагаж 40 мянган ажлын байр бий болохоос гадна төслүүдийн үр ашиг таван жилийн дотор гарах гэнэ. Харин төсөл боловсруулагчдын хамгийн бага зээлийн хүсэлт таван сая төгрөг бол хамгийн өндөр нь 285 тэрбум төгрөг байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар “Чингис” бондын үлдэгдэл нэг их наяд 267 тэрбум 200 сая төгрөг байгаа аж. Үүнээс 394 тэрбум төгрөгийг импортыг орлож, экспортыг нэмэгдүүлэх төсөлд зарцуулах юм байна. Мөн Голомт банкаар дамжуулан ҮХААЯ-нд хэрэгжиж буй хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хуваарилсан 269 тэрбум төгрөгөөс 181 тэрбум нь санхүүжилтгүй хүлээгдэж байгаа гэнэ. Тиймээс энэхүү мөнгийг 888 төсөлд шилжүүлэх аж. Түүнчлэн одоогийн байдлаар “Самурай” бондын 24.3 тэрбум иентэй тэнцэх хэмжээний эх үүсвэр байгаа бөгөөд үүнийг шалгарсан төслүүдийг санхүүжүүлэхэд хангалттай хүрэлцэнэ гэж Хөгжлийн банкны захирал мэдээлсэн. Харин эдгээр шалгарсан төслөөс алийг нь эхэлж санхүүжүүлэхийг арилжааны банкууд шийдвэрлэх гэнэ. Учир нь өнгөрсөн сарын 23-ны өдөр Хөгжлийн банк, арилжааны 13 банктай санамж бичиг байгуулсан. Үүний хүрээнд арилжааны банкуудтай “Дамжуулан зээлдүүлэх гэрээ”-ний төслийг энэ сарын 09-нд Хөгжлийн банкны зүгээс Монголын банкны холбоонд хүргүүлжээ. Харин Монголын банкны холбооны зүгээс нэгдсэн байдлаар саналаа тусгаж маргааш гэхэд гэрээний төслийг эцэслэн шийдвэрлэх сурагтай. Ингэснээр төсөл боловсруулагчид өөрсдийн хүссэн арилжааны банкнаасаа санхүүжилт авах юм байна.
Аж ахуйн нэгжүүд барьцаа хөрөнгөгүй
Төсөл боловсруулагчид арилжааны банкнаас зээлээ есөн хувийн хүүтэй авахаар болсон. Үүнийг олонхи нь “Хэтэрхий өндөр хүүгээр бондын мөнгийг өгөх гэж байна. Заавал арилжааны банкуудаар дамжуулах ч шаардлагагүй” хэмээн буруутгаж байгаа юм. Харин Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат “Арилжааны банкаар дамжуулах нь буруу шийдэл биш. Банкууд мэдээж хамгийн сайн чанартай, барьцаа баталгаагаар хангагдсан, хэрэгжих боломжтой, төслөө сайн боловсруулсан, зах зээлийн судалгаа, бизнес төлөвлөгөөгөө сайн хийсэн төслүүдийг эхэлж санхүүжүүлнэ” гээд байгаа. Уг нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжих л гэж байгаа бол бага хүүтэй, шаардлага багатай зээл олгох хэрэгтэй. Гэтэл 888 төслийн олонхи нь арилжааны банкны шалгуур үзүүлэлтийг давж чадахгүй болоод байгаа аж. Өөрөөр хэлбэл, төсөл боловсруулагчдын олонхи нь хамгийн наад захын жишээ гэхэд л барьцаа хөрөнгөгүй байгаа гэнэ. Өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын “Шинэчилж шийдье” уламжлалт уулзалтад оролцсон үйлдвэрлэгчид ч энэ талаар тодорхой хэлсэн нь бий. Тухайлбал, Сүүний нэгдсэн холбооны тэргүүлэх гишүүн Р.Цогтбуян “Өнгөрсөн жилүүдэд фермерүүд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд анхаарснаас биш үл хөдөлөх хөрөнгө, зээлийн барьцаа бий болгоход анхаараагүй. Тиймээс барьцаа хөрөнгөгүйн зовлонг үргэлж амсдаг. Энэ удаагийн төсөлд ч ялгаагүй “Барьцаа хөрөнгөтэй байх” гэдэг үзүүлэлт хойш чангааж байна” гэсэн бол “Exclusive” ХХК-ийн захирал Г.Майцэцэг “Оёдлын салбарынхны хувьд ч барьцаа хөрөнгийн асуудал хүндрэлтэй байдаг. 888 төсөл дунд нэг салбараас хэд хэдэн төсөл байгаа байх. Тэдгээрийг хэрхэн шалгаруулах вэ. Шалгаруулалт нь олон нийтэд ил тод байвал элдэв хар буруу сэтгэгдэл төрөхгүй. Тиймээс хэнийг хэрхэн шалгаруулж байгааг яаж мэдэх вэ” хэмээн асуусан. Хариуд нь Ерөнхий сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд нар “Шалгаруулалтыг ил тод явуулахад онцгой анхаарч байгаа” гэж хэлсэн. Түүнчлэн дотооддоо үйлдвэрлэл хөгжүүлэхийн тулд түүхий эд, сав баглаа боодлоос эхлээд дагалдах олон зүйлийг импортоор оруулж ирсээр байна. Түүхий эд оруулж ирэхэд гаалийн болон НӨАТ-ын гэхчилэн нийт 15 хувийн татвар төлж байгааг эргэн харах, барьцаа хөрөнгөгүй үйлдвэрлэгчдэд давуу байдал олгох боломжийн талаар үйлдвэрлэгчид лавлаж байгаа юм.
Эрх баригчдын нэгээс хоёр төсөл нь 888-д байгаа юу
Саяхан УИХ-ын гишүүн Д.Ганбат 888 төслийг “дампуу” хэмээн тодорхойлсон байдаг. Тэрбээр “Бондыг ард түмнээс мандат авсан УИХ нь биш, бондын зөвлөл зохицуулж байна. Тэр бондын зөвлөл гээд байгаа нь шийдвэр гаргах бүтэц мөн үү. Тэд зарцуулалтыг хариуцаад, хариуцлага хүлээж чадах уу. Би хувьдаа бондын зарцуулалтыг УИХ шийдэх ёстой гэж үздэг. Ядаж л өнөө хүртэл тэр хүмүүс ард түмэнд тайлангаа тавьсангүй. Ард түмэн энэ мөнгөний зарцуулалтыг мэдэх хэрэгтэй. Жишээ нь, импортыг орлох, экспортыг дэмжих нэртэй 888 төсөл ямар үр дүнд хүрэх вэ. Өөр нэг оронд хоёр төгрөгөөр чанартай хийгээд Монголд орж ирэхдээ гурван төгрөгийн үнэтэй болдог бүтээгдэхүүнийг бид өөрсдөө хийж байна гээд таван төгрөг зарцуулж болохгүй. Ийм “дампуу” юм хийж болохгүй. Тиймээс 888 төсөлд сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй” хэмээн хэлж байв. Түүнээс гадна энэхүү 888-д УИХ-ын гишүүдийн мэдлийн нэгээс хоёр ч төсөл нь явж байгаа гэсэн шуум сүүлийн үед албан тушаалтнуудын дунд яригдах болж. Энэ нь хэдийгээр таамаглан хардаж байгаа ч үгүйсгэхийн аргагүй үнэн байж мэднэ. “Арилжааны банкуудын шалгуурыг оруулж ирснээр энэ бүх асуудалд “цэг” тавьж байна. Бүх зүйл зах зээлийн жамаараа, ямар нэгэн улс төр, бизнесийн нөлөөлөлгүйгээр явах боломжийг нээж өгнө” хэмээн эрх баригчид хэлж буй ч арилжааны банкуудын олонхи нь АН-ын гишүүдийнх гэдгийг мэдэхгүй хүн цөөн. Тиймээс зөвхөн ар талдаа “том” хүнтэй, эсвэл улстөрчдийн төсөл, түүний найз нөхөд, хамаатан садан, авлига өгдөг хүмүүс нь л шалгарч магадгүй юм.
Гар утас үйлдвэрлэх төсөл шалгаруулаад сэлбэгээ гаднаас аврах уу
Энэхүү төслүүд дотор нэг салбар, нэг байршлын үйлдвэрлэлүүд олон байгаа ч тэднээс хамгийн шилдгийг нь сонгох аж. Харин иргэдийн зүгээс Монгол Улс эрүүл, аюулгүй хүнсний түшиц болох, үр ашигтай буюу богино хугацаанд мөнгө үйлдвэрлэх бизнесийг илүүтэй анхаарах хэрэгтэй гэсэн саналыг дэвшүүлж байгаа. Түүнээс биш хоцрогдсон технологийн цуглуулгыг санхүүжүүлэх учиргүй хэмээн үзэх хүн олон байна. Дээрх 888 төслийн 260 нь гэхэд барилгын материал, 90 нь үнээний фермийнх байгаа тухай Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал дуулгасан. Түүгээр ч барахгүй гар утас үйлдвэрлэх дөрвөн төсөл бий гэнэ. Барилгын материалын хувьд бол манай улсад зайлшгүй хөгжүүлэх хамгийн том салбар гэж болно. Өнөөдрийн байдлаар бусад хөгжилтэй орны хөгжил дэвшлийг дагаад манай улсад ч барилгажилт газар авч буй. Гэхдээ барилгынхаа бүх л материалыг импортолж байна. Үнэнийг хэлэхэд арай л хайргаа гаднаас авах нь холгүй байгаа. Тэгэхээр энэ төрлийн төслийг нэн тэргүүнд дэмжиж зээл олгох нь зүйн хэрэг. Харин гар утасны үйлвэр бий болгоно гэдэг юу л бол. Орчин үеийн хамгийн сүүлийн үеийн загварын гар утас үйлдвэрлэдэг Япон, Таивань улс хүртэл гар утас үйлдвэрлэж дийлэхээ байж, тэр бүү хэл Америк, Германы зарим утасны үйлдвэр ч зогсч байгаа тухай мэдээлэл бий. Одоогоор зөвхөн “Samsung”, “Apple”, “Nokia” зэрэг цөөн үйлдвэр үлдээд байгаа гэх. Харин манай улсын эрх баригчид энэ завшааныг ашиглаад утас үйлдвэрлэх гэж байгаа бололтой. Үүнийг сонссон зарим хүн “Манай улс утас үйлдвэрлээд дэлхийд алдартай хэдэн үйлдвэрийг нь дампууруулчих вий дээ” хэмээн хошигнож байна. Гэхдээ үнэн хэрэгтээ утас үйлдвэрлэх төсөл шалгшаруулчихаад сэлбэгийг нь гаднаас оруулж ирээд угсрах нь тодорхой. Одоохондоо манай улс арай ч “ухаалаг” утас үйлдвэрлэх хэмжээнд хүрчихээгүйг иргэд мэднэ. Тиймээс ч “Энэ байдлаараа удахгүй “Фортуна” гэдэг бонд босгоод онгоц үйлдвэрлэж “Boeing”, “Airbus”-ыг дампууруулж мэдэх нь” гэхэв дээ.
Төсөл дагаж авлига “цэцэглэх” вий
Ямартай ч банкууд хамгийн сайн чанартай, барьцаа баталгаагаар хангагдсан, хэрэгжих боломжтой, төслөө сайн боловсруулсан, зах зээлийн судалгаа, бизнес төлөвлөгөөгөө сайн хийсэн төслүүдийг эхэлж санхүүжүүлэхээ дуулгаад байгаа. Ер нь манайд улсад үнээний 90 ферм хэрэгтэй эсэх нь эргэлзээтэй. Тиймээс ч зориуд нэг төрлийн олон төсөл шалгаруулсан байж болох юм. Өөрөөр хэлбэл, “Давхардсан олон төсөл учраас барьцаа хөрөнгөтэй цөөн хэдийг нь сонголоо” гэх нь тодорхой. Үүнийгээ дагаад эргэлтэд орохгүй мөнгө багагүй үлдэнэ гэдгийг ч тооцоолсон байж таарна. Нөгөө талаар төсөл санаачлагчид арилжааны банкуудад төслөө хамгаалах хэрэгтэй болно. Хэрэв шаардлага хангахгүй бол өнөө ханцуйн доторх наймаа, авлига, хээл хахууль нь ч “цэцэглэж” мэднэ. Үнэндээ өнөөдрийн байдлаар манай улсад арилжааны банкнаас тавьсан шалгуурыг 888 битгий хэл 80 төсөл ч хангаж чадна гэдэг эргэлзээтэй. Гэхдээ “Шалгуур даваагүй төслүүдэд дэмжлэг үзүүлэх үүднээс Үндэсний даатгалын корпораци ажиллана” хэмээн эрх баригчид хэлж байгаа. Гэвч үүнд иргэдийн олонхи хараахан итгэхгүй байна.
М.Наранболд