Ам.долларын ханш хар зах дээр 1824 төгрөгтэй тэнцлээ

Ам.долларын ханш хар зах дээр 1824 төгрөгтэй тэнцлээ

Валютын ханш сүүлийн үед гэрлийн хурдаар буюу хоногт дунджаар хоёр төгрөгөөр нэмэгдэж түүхэнд байгаагүй дээд хэмжээнд хүрлээ. Тодруулбал, өчигдрийн байдлаар Монголбанкны нэрлэсэн ханшаар нэг ам.доллар 1813.99 төгрөгтэй тэнцжээ. Түүнчлэн арилжааны банкуудад 1818.50 төгрөгийн хаалтын ханшаар 20.4 сая ам.доллар худалдсан байна. Ийнхүү төв банкнаас ам.доллар худалдах ханш өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа болохоор валют арилжааны захуудын ханш ч өссөөр байгаа юм. Тухайлбал, “Найман шарга” арилжааны төвөөр өчигдөр ороход нэг ам.долларыг 1820 төгрөгөөр худалдан авч 1824 төгрөгөөр зарж байлаа. Үүний хэрээр үндэсний мөнгөн тэмдэгт үнэгүйдэж буйг тус захаар үйлчлүүлэгчид хэлсэн юм. Иргэн Б-гийн хэлснээр энэ нь улс орны эдийн засгийн хямралтай холбоотой гэнэ. Ам.доллар гэлтгүй юань өссөөр байгаа нь импортын бараа, бүтээгдэхүүний үнэд асар их нөлөөлж байгаа ажээ. Тус захад юанийг 291 төгрөгөөр худалдан авч 293 төгрөгөөр зарж байна. Энэ мэтчилэн юанийн ханш өссөнөөр хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 2.6 хувиар нэмэгджээ. Энэ хэрээр ард иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж, худалдан авах чадвар нь буурсаар байгааг иргэд онцолсон юм. Нөгөө талаар бодит байдал хүндэрч байхад Монголбанк валютын ханшийг улам өсгөж байгаа нь иргэдэд төдийгүй ченжүүдэд ч дарамт болж байгаа ажээ. Манай улсад 2009 онд валютын ханш анх удаа 1700 төгрөгийн босго давж, хямралд хүсрнийг эрх баригчид мэдэгдэж байв. Тухайн үед дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ унаж, улсын төсөв төрийн албан хаагчдыг цалинжуулж чадахааргүй хүнд байдалд ороод байсан. Тиймээс банкууд ч зээлээ хумьж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн. Гэвч эл байдлыг урт хугацаанд үргэлжлүүлэлгүй валютын ханшийг бууруулж чадсан юм. Тэгвэл өнгөрсөн жилээс “жолоогоо” эрчимтэй сул тавьсан ам.доллар хурдтай өссөөр 1824 төгрөгтэй тэнцэж эхэллээ. Энэ байдлаараа ам.долларын ханш удахгүй 2000 төгрөгт хүрэхгүй гэх баталгаа алга. Уг нь үүнийг “хазаарлах” буюу эдийн засгийн байдлыг сайжруулах, иргэдийн амьдралыг дээшлүүлэх үүргийг Эдийн засгийн хөглийн болон Сангийн сайд нар хүлээсэн байдаг. Харамсалтай нь Ч.Улаан. Н.Батбаяр нар иргэдийн амьдралыг өөрсдийнхөө халаасан дахь мөнгөний хэмжээгээр дүгнээд байгаа гэхэд болно. Саяхан Эдийн засгийг эрчимжүүлэх УИХ-ын тогтоолын төслийг баталсан. Уг тогтоолын төслийн анхны болон хоёр дахь хэлэлцүүлгийн явцад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Эдийн засаг хямраагүй байгаа. Ганц санаа зовоож байгаа асуудал валютын ханш болоод байна” хэмээн хэнэг ч үгүй хэлсэн нь бий. Эдийн засагчид болон улстөрчид “Хямралын байдалд шилжлээ” гэж хэлсээр байтал эрхэм сайд юу ч мэдээгүй байгаа аж. Харин Ч.Улаан сайд өнгөрсөн мянмар гаригт “1111” төвд ажиллахдаа “Валют бол эдийн засагт маш их нөлөөтэй зүйл. Валютын ханш өсөх хандлагатай байгаа нь эдийн засгийн талаар явуулж буй бодлогоос шууд хамааралтай. Валютын урсгал орж ирснээр  ханш тогтвортой байх гол үндэс нь юм.  Валюттай болохын тулд экспортыг  нэмэгдүүлэх,  дотооддоо бүтээгдэхүүн үйлдвэрлэх. Гэвч өргөс авсан юм шиг нэг өдөр бүх асуудал шийдэгдэхгүй. Төсөвт ам.долларыг 1384 төгрөгөөр тооцсон нь  буруу гэх шүүмжлэл гарч байгаа. Энэ ханш бол төсвийн тооцоонд хэрэглэдэг. Түүнээс биш өдөр тутамд хэрэглэдэг ханш биш гэдгийг хүмүүс зөв ойлгох ёстой” хэмээсэн. Үүнээс үзэхэд ам.долларын ханшийг түүнийхээр бол төсөвт хэд ч гэж тогтоох нь хамаагүй бололтой. Тэгвэл Монголбанкны захирал Н.Золжаргал валютын ханш өсөх нь манай улсад ашигтай гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, шаардлагагүйгээр валют гадагш нь урсгадаг импортын бараа хумигдаж, яваандаа экспорт нэмэгдэх сайн талтай гэж үзэж буй. Энэ нь буруу ойлголт биш ч манай улсын эксдорт нэмэгдэж валютын нөөц хангалттай бүрдэх хүртэл хэдий хэр хугацаа байгааг таашгүй. Монголбанкны зүгээс ингэж тайлбарлаж байгаа ч энэ зарчмаар нь эдийн засгийг сэргээх зөв бодлого манай улсад үнэндээ алга. Засгийн газраас хэрэгжүүлж буй импотыг орлох экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх 888 төсөл шалгаруулсан нь бий. Гэвч төсөл санаачилсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын олонхи нь арилжааны банкуудын шалгуурыг давахгүй гэдгийг учир мэдэх хүмүүс хэлсэн. Тэгэхээр энэ нь үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлого биш болж таарна. Харин үүгээр далимдуулж мөнгө “угаах” нэг арга нь ч байж мэдэх юм. Эдийн засгийг сэргээхэд чиглэсэн бодлого нь ийм байхад ам.долларын ханш улам л өссөөр, иргэдийн амьдрал доройтсоор байх нь тодорхой. Н.Золжаргал “2009 онтой харьцуулахад одоохондоо хямралын дүр зураг эдийн засагт алга. Мэдээж хүндрэл бол байна. Хүндрэл, хямрал хоёрын хооронд алд дэлэм зөрүү бий. Ер нь хавар ам.долларын эрэлт их байдаг. Хаврын бүтээн байгуулалттай зэрэгцэн нийт валюын 60 хувь нь эргэлтэд ордог. Үүнтэй холбоотойгоор ханш өсдөг. Хаврын улирал дуусмагц, оны хоёрдугаар хагаст валютын орох урсгал нь нэмэгдээд ирдэг. Гэхдээ Монголбанк өөрсдийнхөө алютын  нөөцөөс тодорхой хэмжээгээр нийлүүлж ирснээ үргэлжлүүлнэ. Валютын эрэлтийг дан нөөцөөр хангана гэж байхгүй учраас валютын орох урсгал руугаа хандсан, хэрхэн оруулж ирэх, экспортоо яаж нэмэх, нүүрснийхээ төлбөрийг хэрхэн авах, гадаадын хөрөнгө оруулалт татах зэрэг олон хүндрэлийг давахын тулд эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төсөл маш чухал” гэжээ. Ямартаа ч эрх баригчдын үгэнд итгээд ам.долларын ханш буурахыг хүлээх л үлдлээ. Гэвч бодит байдлаас харахад буурна гэдэг ч юу л бол...

М.Наранболд

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (203.194.115.201)
    arai dendnee
    2014 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (203.194.115.202)
    changa bn shuu. te
    2014 оны 05 сарын 23 | Хариулах
    • Dollar
      Tiim shu
      2014 оны 05 сарын 23