“АЯНЫ ШУВУУ”-ДАА ЭРГЭХЭЭР АЛСЫГ ЗОРЬСОН АХ МИНЬ
Өчигдөр орой ажлаа тараад гэртээ харихаар автобусанд суугаад явж байтал FM-ээр “Аяны шувуу" дуу “Никитон” хамтлагийн дуулснаар эгшиглэж байна. Ойрд сонсоогүй болоод ч тэр үү, сэтгэлд нэг л их уянга татаад, бодол аргамжсан дурсамжийг өөрийн эрхгүй сэргээв. Тэгтэл FM-ийн хөтлөгч залуу “Сонсогч Та бүхэндээ 1990-ээд оны хит уран бүтээлийг хүргэлээ. Энэ дууны аялгууг хэн гэдэг хөгжмийн зохиолч бүтээсэн бэ? Асуултад зөв хариулсан хүнд дуу захиалах эрх өгнө” гэв. Уг нь “Аяны шувуу” дууг 1970-аад оны эхэн үед дуучин Х.Төмөр дуулснаар жинхэнэ хит болж байсан юм шүү дээ хэмээн бодож явтал нэгэн сонсогч холбогдов. Тэрбээр “Саяын дууны хөгжмийг Мөрдорж гуай зохиосон” гээд хэнэг ч үгүй авч байна шүү. Гэтэл миний хажууд зогссон хоёр охин “Ямар тэнэг амьтан бэ. Иймхэн юм мэддэггүй юм уу. “Аяны шувуу” дууны хөгжмийг Жанцанноров гуай зохиосон биз дээ” гэж мэдэмхийрэв. Би ч тэссэнгүй хоёр охины ярианд оролцож “Энэ дууны хөгжмийг Хангал гэдэг хөгжмийн зохиолч бичсэн юм” гэвэл “Ёстой сонсоогүй хөгжмийн зохиолч байна. Тийм хөгжмийн зохиолч байдаг юм уу” гэхэд бодлын чанадаас ургасан гэгээн дурсамжийн дээгүүр хар үүл бүрхчих шиг болов.
Ингээд Монгол Улсын Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Зундуйн Хангалын тухай дурсамж бичихээр шийдсэн нь энэ. Түүнийг би хар багаасаа л мэдэх юм. Намайг өлгийтэй байхад З.Хангал ах, УГЗ, киноны нэрт найруулагч Ж.Бунтар гуай хоёр манайхаар байн байн ирдэг байлаа. Ирэхийн шалтгаан нь “Ирж яваа цаг” кино. Энэ кино бол Ж.Бунтар найруулагч, З.Хангал ах, аав /Д.Төрбат/ гурвын хийж байгаа хоёр дахь хамтын бүтээл. Анхных нь “Галын урсгал” хэмээх шүдэнзний үйлдвэрийн тухай 1981 онд хийсэн кино юм. Тэр үеэс хойш 1996 он хүртэл түүнтэй ойр байж дээ. Багаасаа хөгжимд дурласан түүний амьдрал дэндүү богинохон байсан ч түмэнд нэртэй, урлагт данстай явсныг үлдээсэн уран бүтээл нь гэрчилнэ.
Төрийн дуулал төрүүлсэн төгөлдөр хуураас адис авах нь зөв биз
Бидний нэрлэж заншсанаар XIII хорооллын гурван өндрийн дунд талын өндөрт нь З.Хангап ахынх олон жил амьдарсан юм. Хожим түүний дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор байрны хананд түүний цээж баримлыг шигтгэжээ. Энэ байранд Монголын урлагийн үе үеийн бурхдын амьдралын нэг хэсэг өнгөрсөн гэж хэлж болно. З.Хангал ахын хөрш нь Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн гуайнх, нөгөө талд нь УГЗ, хөгжмийн зохиолч Х.Билэгжаргалынх байж. Нэг өдөр бас л киноны хөгжмийн тухай ярихаар аавыгаа дагаад очлоо. Х.Билэгжаргал ах жаахан халамцуу сууж байна. Тэр хоёр хийж байгаа уран бүрэлийнхээ тухай ярилцаж байгаа бололтой юм. З.Хангал ах “Хоёрдугаар үзэгдэл дээр жаахан өргөлт хэрэгтэй л юм шиг санагдана, тийм үү Төрөө” гэв. Аав ч толгой дохиж байна. Тэгсэн Х.Билэгжаргал ах “Өргөлт нь өрнөл хэсэг дээрээ явж байгаа болохоор энд байх хэрэггүй байх аа” гээд бид хоёр руу харж нүд ирмэв. Тэр хоёрыг ийн ярилцаж байх зуур хаалга дуугарч Х.Булган ах орж ирэв. “Өө, миний хүү. Шөнөжингөө бэлтгэл хийгээд ядрав уу” гэж З.Хангал ахыг хэлэхэд “Гайгүй дээ, аав. Сайн байцгаана уу” гэж бидэнтэй мэнд мэдээд өрөө рүүгээ орлоо. “Би уг нь хүүгээ боксчин болгоё гэж бодож байлаа. Тэгсэн хөгжимчин болчих юм. “Харанга” хамтлагийн даралтат хөгжимчин шүү дээ” гэхэд Х.Билэгжаргал ах “Хүн зодсоноос хөгжим тоглоод явж байсан нь дээр байлгүй дээ, тийм үү Төрөө” гэнэ. Аав ч өнөө л янзаараа толгой дохих ажээ. Ийн ярилцаж байгаад хөгжмийн зохиолч хоёр анд аав бид хоёрыг гэртээ үлдээгээд гараад явчихав. Төд удалгүй З.Хангал ах ганцаараа орж ирээд “Бүдүүн Да багшийн /Б.Дамдинсүрэн гуайг хэлж байна/ төгөлдөр хуураас адис авчихаад ирлээ. Хааяа нэг ингэчихээр сэтгэл сэргээд сайхан болчихдог юм. “Төрийн дуулал” төрсөн төгөлдөр хуураас адис авах нь зөв биз, Төрөө” гээд духан дээрээ бурзайсан хөлсөө арчиж, хуурсан махнаасаа нэг халбагадаад хүрэн төгөлдөр хуурынхаа ард суухад хар багаасаа үерхсэн анд минь ирлээ гэх шиг хаан хөгжим дон хийх ажгуу.
Төрийн шагналт, хөгжмийн зохиолч байж “Москвич” унаад байхдаа яадаг юм
1992 онд хувийн машинтай хүн ховор байлаа. Ер нь хойно боловсрол эзэмшсэн сэхээтэн залуус, зах зээлийн тарыг таньж мөнгөний үнэ цэнийг эрт мэдэрсэн хүмүүс л хувийн машинтай байсан юм. Тухайн үед З.Хангал ах улаан “Москвич” хөлөглөдөг байв. Гэхдээ тэрбээр энэ унаагаа уран бүтээлийнхээ шагналаар авсныг би мэднэ. Учир нь дөнгөж машинаа авчихаад манайд ирж намайг аваад хотын гудамжаар баахан зугаалсан юм. Тэгэхэд ээж эзгүй Польш явчихсан, аав, ах бид гурав гэрээ сахиж байсан сан. Тухайн жилд аав маань “Бүсгүй завилгаа” гэдэг кино хийгээд манаргаж явсан үе. Бүх зураг авалт дуусч, дуугаа оруулчихаад хальсаа буулгах гэтэл кино үйлдвэрийн хор нь дуусчихаж. Ингээд бүх ажил балрав аа гээд сууж байтал З.Хангал ах утас цохиж Химийн хүрээлэнгээс хор авахаар ярьж тохирсон гэдэг байгаа. Бид ч бөөн баяр өнөөх “Москвич”- нд ээж, аав бид гурав суугаад Химийн хүрээлэнг зорилоо. Гэтэл урд талын суудалд тухалж явсан ээж минь “Төрийн шагналтай том хөгжмийн зохиолч байж “Москвич” унаад байх даа яахав дээ. Арай дээр юм олдоогүй юм уу, Хангал аа” гээд тоглох аясаар хэлчихэв. З.Хангал ахын царай чихнээсээ улайгаад ирлээ. Ер нь жаахан бухимдахаараа чихнээсээ улайчихдаг байсан юм. Дургүй нь хүрч хаазаа тултал гишгэж явдлаа хурдасгалаа. “Хүүе” гэхийн завдалгүй урд явсан автобусны араас орчихож билээ. Жолооч, зорчигчид бууж ирэхэд би ч дотроо битүүхэн айж “За одоо ч баларлаа даа” гэсэн шүү юм бодож суутал З.Хангал ах, аав хоёр инээгээд ирж байна. Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур ээж минь “Гайгүй юу” гэвэл З.Хангап ах “Төрийн шагналтныг түмэн таньдаг л байхгүй юу” гээд нэг их инээж билээ. Үнэхээр ч автобусны жолооч, зорчигчид мөргүүлсэн биш завшив гэгчээр хөгжмийн их зохиолчтой уулзсандаа баярлаж гар бариад салсан тухай аав хожим ярьсан юм.
Бокс тоглох сайхан. Чи нэг хичээллээд үзээрэй
З.Хангал ахыг залуудаа боксчин явсан гэвэл итгэх хүн цөөхөн. Яагаад гэвэл тийм их уянгалаг яруу, тансаг хөгжмийг бичсэн хүн “зодолдож” явсан гэвэл хэнд ч сонин санагдах нь мэдээж. Гэхдээ түүний багын сонирхол нь яалт ч үгүй бокс байсан юм. Төгөлдөр хуурын товчлуурыг эвлэгхэн тогших хуруунууд нь боксын бээлий өмссөөр байгаад жаахан мойног болчихсон юм билээ. Мөн “Ах нь залуудаа хэр баргийн хүнд дээрэлхүүлдэггүй байсан юм. Давраад болохгүй бол зайндаа оруулж байгаад ганц цохиход л хангалттай” хэмээн хүүхдэрхүү зангаар онгирч ярина. Бүр “Төрөө чи, Зөнбилэгийг боксын дугуйланд явуул. Болохгүй бол найз нь дагуулж очоод бүртгүүлчихье’’ гэж ярьж байх вэ дээ. Хэлсэндээ ч хүрч намайг гуравдугаар ангид ордог жилийн зуны амралтаар өөрөө дагуулан явж боксын дугуйланд бүртгүүлж санаа нь амарсан даа. Би ч ахынхаа итгэлийг даалгүй долоон хоног яваад л шантарсан. Шантарсан ч гэж дээ, өөрөөсөө ах хүүхдэд зодуулаад хаширсан хэрэг. Нэг удаагийн бэлтгэл дээр манай багш зургадугаар ангийн хүүхэдтэй намайг “зодолдууллаа”. Надаас хамаагүй өндөр, насаар ах өрсөлдөгч маань гэнэдүүлж байгаад элэг рүү минь хоёр хүчтэй дэлслээ. Би дуугарч ч чадалгүй газар эвхэрч унаснаасаа хойш дахиж боксын дугуйланг зүглээгүй юм. Дараа нь харин З.Хангал ахынд очиход “Дугуйланд яваад дэмий юм байна. Ах нь чамд бокс зааж өгнө” гээд “Хоёр хөлдөө мөрний хэмжээтэй зай аваад гараа ингэж барина” гээд л сүртэй юм болж байж билээ. Мөн Оросын сувгаар гардаг боксын тоглолтыг алгасалгүй үзнэ. Тэднийхээ тухай нэр усыг нь хэлээд л итгэлтэй нь аргагүй ярина. Ингэж л З.Хангал ахын ачаар бокс гэдэг спортын хүнд, хэцүүг мэдэрч элгэндээ ганц сайн эвхэртэл авахуулаад боксын дугуйлангаа орхисон юм.
Их л алсаас ирж яваа шувуу шиг бодлынхоо бор авдрыг уудлан байж сэтгэлд ургасан хэдэн дурсамж сэргээсэн нь энэ. Түүний амьдарч асан цаг үед хөгжмийг нь үл ойлгогсод “Энэ буруу бичигдсэн хөгжмийн зохиол байна” хэмээн шүүмжилж байсан гашуун түүхийг би бас гэрчилнэ. Харин өнөөдөр өнөөх буруу бичигдсэн хөгжмийн зохиол нь төгс эгшиглэнт бүтээл болон хувирч, хөгжим судлаач, хөгжимчдийн дунд эрэлт ихтэй байгаа нь түүний цаглашгүй их авьяасын баталгаа юм. “Монголын орчин үеийн хөгжмийн урлагт шинэчлэл хийсэн хүн гэвэл би З.Хангалыг нэрлэнэ. Түүний “Эрдэнэсийн уулс” бүжгэн жүжиг, “Суварган цэнхэр уулс”, “Гэрлэж амжаагүй явна”, "Тань рүү нүүж явна”, “Ирж яваа цаг” киноны хөгжим, “Аяны шувуу”, “Нарт тэнгэрийн дор”, “Хайрын хишиг”, "Хунгийн дуу” зэрэг дуу нь мэргэжлийн өндөр төвшинд хийгдсэн бүтээл юм” хэмээн Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж агсан андынхаа тухай хуучилжээ. Урлаг хэмээх их айлын хойморт мөнхөд залрах учиртай бүтээлүүдийн эзэн, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Зундуйн Хангалыг эргэн дурсахад эеврүү, зөөлөн уянга сэтгэл зүрхэнд үүрд мөнх эгшиглэнэ.
Сэтгэгдэл (1)