Өнгөрөгч баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд мэдээлэл хийж, гишүүдийн асуусан бүхэнд хариулт өгөв. Эдийн засгийн хүндрэл, гадаад худалдаа, нүүрсний үнэ, бензин шатахуун, мал төллөлт, төмөр зам гээд л. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүдийн асуултад хариулсан Зам тээврийн сайд А.Гансүхийн өгсөн мэдээлэл төмөр замын төсөл бүтэшгүй мөрөөдөл болоход ойрхон байгааг нотлов. “Давхар дээл”-ийн шуугианд өндөр авалгүй өнгөрчихсөн болохоос биш эдийн засгийн хувьд бол тун ч таагүй мэдээлэл. Улсын хөгжлийн гарц болгон тодорхойлж, хамаг найдлагаа тавьсан төмөр замын төсөл бүтэлгүйтвэл, Монгол “будаа”. 
“Шинэ төмөр зам” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй Тавантолгой-Сайншанд чиглэлийн 267 километр төмөр замын ажлыг ахалж байгаа салбарын сайдын хэлснээр дээрх замын газар шорооны ажил 70 хувьтай яваа, Засгийн газраас эхний ээлжинд 180 сая ам.долларыг зарцуулсан байна. “Үлдсэн хөрөнгийг нь гаргах мөнгө байхгүй” гэж Эдийн засгийн хөгжлийн сайд хэлсэн, тиймээс нэмэлт санхүүжилтийг яаралтай шийдэхгүй бол төмөр замын төсөл зургадугаар сард таг зогсох гэнэ. Эдийн засаг хүндэрсэн энэ үед төмөр замаа яаравчилж, нүүрсний экспортоо нэмэгдүүлэх нь монголчуудын хүсэл. Гэвч хүсэхэд хясна гэдэг нэг үг байдаг.
УИХ-ын хаврын чуулганаар царигийн асуудлыг хэлэлцэнэ гэсэн шумтай зэрэгцээд салбарын сайдын өгсөн анхааруулга “Шинэ төмөр зам” төсөл цаашид хэрэгжих эсэх нь бүрхэг, эргэлзээ дагуулсан олон асуултууд үлдээж байна.
Цагийн сайханд, үндэсний компаниуддаа боломж олгоод төмөр замынхаа төслийг урагшлуулчихсан бол өдийд хөрөнгө мөнгө байхгүй гээд түмэн зовлон, буман шалтгаан тоочоод суухгүй нь байсан биз. Амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхсэн хүмүүс одоо яая гэх билээ.
Таван тэрбум ам.долларын өртөгтэй 1800 км шинэ төмөр замын төслийн хүрээндТавантолгой-Сайншандын чиглэлийн төмөр зам барих ажлыг “Болдтөмөр Ерөө гол”, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам барих ажлыг “Энержи ресурс” компани концессийн гэрээгээр барихаар ТЭЗҮ-ээ боловсруулж, Европын Сэргээн босголт хөгжлийн банкнны зээлээр уг замыг “Дойчи Бан” гэх Германы компаниар бариулахаар болсон ч Засгийн газрын дэмжлэг авч чадаагүй, энэ ажлыг “Монголын төмөр зам” компани хариуцан гүйцэтгэхээр болсон. Хэрэвзээ концессийн гэрээгээр төмөр замаа бариулсан бол Хөгжлийн банкнаас сохор зоос гуйгаад сууж байхгүй байсан юм. Өөрөөр хэлбэл, концессийн гэрээгээр төмөр замаа хувийн хэвшлийнхнээр бариулсан бол төр санхүүжилтийн хариуцлага хүлээх ямар ч шаардлага байхгүй гэсэн үг. Концесс эзэмшигч санхүүжилтийн хариуцлагаа өөрөө үүрээд хөрөнгө оруулалтын өртгөө нөхөөд гэрээний дагуу төмөр замыг төрд “бэлэглэх” учиртай байв. Харин өнөөдрийн нөхцөлд төмөр зам барих зардлыг төр хариуцах ёстой. Тиймээс ч “Чингис бонд”-оос авто зам, төмөр замын төсөлд нийтдээ 400 сая ам.долларыг Зам тээврийн сайд А.Гансүхийн мэдэлд өгсөн бөгөөд үүний 180 саяыг нь төмөр замын далан барих ажилд зарцуулаад дуусчээ. Төлөвлөсөн ёсоор бол одоо үлдсэн 20 сая ам.долларыг гаргаж чадахгүй байгаа улс, бусад санхүүжилтийг нь хаанаас яаж зохицуулах нь чөтгөр бүү мэд. Хувийн хэвшлийнхэнд төмөр замынхаа ажлыг хариуцуулсан бол хаанаас, яаж мөнгө олох вэ толгойгоо гашилгах хэрэггүй байлаа.
Төмөр замын газар шорооны ажлыг Өмнөд Солонгосын "Samsung" компани хариуцаж байгаа бөгөөд Монголын 11, Хятадын нэг компанитай хамтран ажиллаж байгаа бөгөөд нэг километр төмөр замыг 2,5-2,8 сая доллараар барина гэдэг хаа ч байхгүй өндөр үнэ гэдгийг салбарын мэргэжилтнүүд нь шүүмжилсээр ирсэн. Тэртээ тэргүй, хөрөнгө мөнгөө гаргаад өгчихсөн юм чинь, үнэ өртөг нь дүүрчээ гэхэд зогсонги байдалд орсон төмөр замын төслөө цааш нь хэрхэн үргэжлүүлэх вэ гэсэн асуудал Монголын хувьд үнэхээр хоолойд нь тээглэсэн яс болжээ. Мөнгөгүй, мөнгө олж ирдэг сувгууд нь бүгд хаагдсан, дээрээс нь царигийн хэрүүлээс болж зургаа долоон жилийг үр дүнгүй өнгөрөөсөн Монгол хөрөнгө мөнгөний асуудлаас болоод бас хэдэн жилийг зүгээр өнгөрөөхийг хэлж мэдэхгүй юм.
Ямар ч байсан биднийг ийн мунгинаж, мухардаж байх зуур урд, хойд хөршийн төмөр замын сүлжээ улам л өргөжсөөр. 2015-2030 оны хооронд Орос 15.5 мянган км төмөр зам барьж байгуулахаар төлөвлөж эхний шатны ажил нь 2015 оны сүүлч гэхэд дуусах юм. Тус улс ирэх онд 10 чиглэлд төмөр зам баригдаж дуусгахаар тооцож. Харин 2020 он гэхэд Зүүн Өмнөд Азийн орнуудтай холбогдсон өндөр хурдны төмөр замын сүлжээ байгуулж бүрэн дуусахаар төлөвлөсөн байна.
Харин Монголд мөнгө байхгүй. Мөнгөгүй учраас төмөр зам “будаа”.