ОХУ, БНХАУ-ын хотуудтай хил залгаа оршдог аймгийн иргэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулав

Коронавирусийн халдварын нөхцөл байдалтай холбоотой зөвлөгөө мэдээллийг ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл өглөө.

Тэрбээр “Улсын хэмжээнд нийт 393,557 хүн коронавирус илрүүлэх шинжилгээнд хамрагдаад байна. 

Сүүлийн өдрүүдэд манай улстай хил залгадаг ОХУ, БНХАУ-ын зарим хотуудад халдвар нэмэгдсэн. Тиймээс хил залгаа оршдог Баянхонгор, Ховд, Баян-Өлгий зэрэг аймгийн иргэд сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Гэхдээ өвчин туссан хүмүүсийг доромжлох асуудал гаргаж болохгүйг анхаараарай. Хүн болгон COVID-19-өөр өвдөх эрсдэлтэй болохоор өвдсөн нэгнийгээ буруутгаж болохгүй.

Мөн сүүлийн өдрүүдэд хөл хорионы дэглэмийг сулруулсантай холбоотойгоор иргэд дэлгүүрээр хий дэмий явах, нийтийн тээврээр шаардлагагүй зорчих, архи согтууруулах ундааг нөөцлөх, гэртээ зочин урих асуудлуудыг гаргаж байна. Иймд эдгээр асуудлуудыг гаргахгүй байж, эрүүл мэндээ хамгаалахад дор бүрнээ анхаарахыг хүсье” гэлээ.

Эх сурвалж:ikon.mn

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.