
Эрдэнэтийнхээ буян хишгийг нэг дурсчихая. Монголын түүх соёлын хосгүй дурсгал бөгөөд цагийн эрхээр егүүтгэгдсэн Мигжэд Жанрайсиг бурханы уран барималыг анхны тиг хэмжээгээр нь, Монгол баялагаараа; тухайлбал Эрдэнэтийнхээ зэсээр бүтээвэл бэлгэдэлтэй гэж бид шийдэцгээв. Эрдэнэт баяжмалаа Орос Улс руу гаргаж тэнд хавтан болгоод буцааж авчрах гурвалсан гэрээ байгуулав. Бас амаргүй төвөг чирэгдэл болов. Энэ хооронд Оросын Ерөнхийлөгчийн өнгөт металл гадагш гаргахгүй гэсэн зарлиг гарчихжээ. Ингээд жил шахам бичиг цаас шидэлцэж саатсаны дараа П.Очирбат Ерөнхийлөгчөөр ОХУ- ын Ерөнхийлөгч Б.Ельцинд захидал бичүүлж сая саадыг нь даваж аранжин зэс маань бууж билээ.

Ийнхүү их бурханы лагшин Монголчуудын эрхэмлэдэг есөн эрдэнийн нэг ЭРДЭНЭТИЙН АРАНЖИН ЗЭСЭЭР бүтсэн түүхтэй.
Зэсийн үнэ төлөх болоод байтал данс улайчихаж. Засаг ядуу, ханш унаж , талх картанд орсон үе таарав.Тэгээд нэгэн сайн өдрийг сонгож телевизээр шууд нэвтрүүлэг хийж ард түмэндээ байдлаа танилцуулсанд санаанд багтамгүй их мөнгө орж түүгээр зэсийн үнээ төлж билээ.
Мигжэд Жанрайсиг их бурханыг бүтээхэд нийт 20 тонн зэс орсон бөгөөд 564 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий зэсийг хөөмөлдөж урласан тооцоо байдаг юм.
Монгол түмэн өвөг дээдсээс өвлөсөн газрын баялагийнхаа эзэн гэдгээ, үр шимийг нь даяараа хүртэх ёстой гэдгээ энэ өдрүүдэд нэг сайн мэдрэв.
Баялагтаа ч эзэн сууя, буянаа ч эдэлье!
“Монгол Улсын Төрийн тэргүүн зэргийн одон-Чингис хаан” одонт.
СГЗ зохиолч. яруу найрагч Г.Мэнд-Ооёо