У.Хүрэлсүх: Хотын утаанаас гадна аймгуудын утааг бууруулахад анхаарахаас аргагүй болсон

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр байгалт орчин, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаатай ажиллаж байна. 

Байгаль орчин, аялал жуулчлалын яам Хустайн нурууны байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагч, судлаач нарт зориулсан 16 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан байна. Мөн 2016-2019 онд 3,000 гаруй га талбайд техникийн, 1,500 гаруй га талбайд биологийн нөхөн сэргээлт хийжээ. Түүний дотор байгаль хамгаалах, нөхөн сэргээлтийн тусгай дансанд байршуулсан барьцааны мөнгөөр анх удаа Архангай аймгийн Цэнхэр суманд нөхөн сэргээлт хийж байна.

Байгаль хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй 33 аж ахуйн нэгжийн 44 ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан. “Хоггүй цэвэр Монгол” аяны хүрээнд хог хаягдлыг газар дээр нь ангилан ялгах, цуглуулах, тээвэрлэх төхөөрөмжийг 21 аймаг, улсын тусгай хамгаалалттай зургаан газарт нийлүүлж, “Яндангаа хөөлье” аяныг эрчимжүүлж байгаа зэргийг яамны удирдлага танилцуулав.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх зөвхөн хуулийн хүрээнд, шударга ажиллахыг яамны ажилтан, албан хаагчдад захилаа. Мөн:

  • 30 гаруй мянган га талбайд хийх ёстой нөхөн сэргээлтийг үе шаттай эхлэх
  • Байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг зохицуулах, хянахад чиглэсэн 21 төрлийн тусгай зөвшөөрлийг цахимжуулж, иргэн, аж ахуйн нэгжид чирэгдэлгүй, ил тод, шуурхай үйлчлэх
  • 1950-иад оноос хойш Хөвсгөл нууранд живсэн 50 орчим тээврийн хэрэгсэл, техникийг гарган авах, шаардлагатай бол бусад улс, олон улсын байгууллагатай хамтрах
  • Туул голын бохирдлыг багасгахын тулд голын сав газарт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байгаа аж ахуйн нэгжүүд,  Харгиа цэвэрлэх байгууламжтай холбоотой асуудлыг цэгцлэх
  • Агаарын бохирдлыг 80 хувиар бууруулах, ус, хөрсний бохирдлыг бууруулахын тулд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын ахалдаг Үндэсний хороо, төрийн байгууллага, иргэд, аж ахуйн нэгжүүдийн ажлыг уялдуулах
  • Хог боловсруулах үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулах, ард иргэд, хүүхэд залууст хог хаяхгүй байх дадал, хэвшил суулгах байнгын ухуулга, сурталчилгаа хийх
  • Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн бүтээн байгуулалтын төслийг үр дүнтэй, чанартай хэрэгжүүлэхэд анхаарах, хувийн хэвшлийг дэмжих зэргийг үүрэг, чиглэл болголоо.  

Сайд Д.Сарангэрэл, БОАЖЯ энэ дөрвөн жилд хогны асуудлыг шийдвэрлэхэд гол анхаарал хандуулж ажиллана. Үндэсний хэмжээнд 4.3 сая тонн хог гардгийн 1.3 сая тонн нь Улаанбаатар хотод гардаг. Нийслэлд хог боловсруулах үйлдвэрүүд бий. Нэмж үйлдвэрүүд байгуулахад хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтарч ажиллана гэлээ. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн байгаль орчны салбарын албан хаагчдад хандаж хэлсэн үгийг хүргэж байна. 

Тэрбээр, Улаанбаатар хотын утааг арилгахаас гадна аймгуудын утааг бууруулахад анхаарахаас аргагүй болсон. Одоо дийлэнх аймаг утаатай болсон. Нийслэлийн агаарын бохирдол өнгөрсөн жил 50 хувь буурсан. Ирэх дөрвөн жилд 80 хувь хүртэл бууруулах зорилт тавьсан. 

Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу “Яндангаа хөөлье” аянг сайн зохион байгуулж, үр дүнтэй ажилласан. 
Улаанбаатар бол хогондоо дарагдсан хот болсон. Хогны үйлдвэр зайлшгүй хэрэгтэй. Хогны үйлдвэр ашигтай, ашиггүй ажиллах нь чухал биш. Хогны үйлдвэрийн үр ашгийг шууд бус дам утгаар нь ойлгох хэрэгтэй. Мөн хог хаяхгүй байх соён гэгээрлийн ажлыг сайн хийх хэрэгтэй. Хог хаяна гэдэг хүний ухамсрын асуудал. Өнгөрсөн жилүүдэд бид ард түмнийхээ соён гэгээрлийг орхигдуулсан. 

Эх сурвалж:GoGo.mn

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.