УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Энэ бол маш чухал хуулийн төсөл. Бичил бизнес эрхлэгчдийн энэ зээлд хамруулах шалгуур нь ямар байх вэ. Цар тахалд хамгийн их өртөж байгаа нь эмэгтэйчүүд гэдэг нь судалгаагаар тогтоогдсон. Тэгвэл бичил бизнес эрхлэгчдийн нийгмийн даатгалын асуудал яах вэ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэргэжилтэн н.Батцэцэг:Бидний авч буй 20 сая ам.долларын 10 саяыг нь нийгмийн даатгалын санд хамруулна. Харин үлдсэн 10 сая ам.долларыг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, бичил бизнес эрхлэгчдээ дэмжихэд зарцуулна. 2021 оноос бид Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд өөрчлөлт оруулж уян хатан болгоно.
УИХ-ын гишүүн С.Амарсайхан: Цар тахалтай тэмцэх зээлийн төслийг дэмжиж байна. Зээл бүхэн өр бишээ. Болдог бол урт хугацааны зээлүүдийг авах хэрэгтэй. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чухал үүрэгтэй. Гэхдээ зээлтэй холбоотой асуудлыг зарим хүмүүс улс төржүүлж байна. Засгийн газрын өр, аж ахуйн нэгжүүдийн өр гэдэг бол тусдаа асуудал. Үүнийг ялгаж салгаж ойлгохгүй бол буруу ойлголт өгч байна. Хоёрдугаарт авч байгаа зээлийн зарцуулалтад маш сайн хяналт тавих хэрэгтэй. Тийм учраас Сангийн сайд зээлийн зарцуулалтыг нээлттэй болгох тал дээр анхаарлаа хандуулах байх гэж найдаж байна.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Монгол Улс зээл авахаасаа ичдэггүй байж Оюутолгойн гэрээгээ өөрчлөхөөс ичиж байна. Дэлхий шившиг болж байна. Засгийн газрын өр 7.9 тэрбум ам.долларт хүрсэн шүү дээ.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Оюутолгойн зээлийг сайжруулах хэрэгтэй гэдэгтэй санал нийлж байна. Засгийн газар өр 7.9 тэрбум ам.доллар болсноороо дэлхийн шившиг болсон юм байхгүй. Дэлхийн томоохон гүрэн болох Америк хүртэл өр зээл тавьдаг.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн асуудлаар би таньтай санал нэг байгаа. Оюутолгойн асуудал олон улсын гэрээ хэлэлцээрээр шийдвэрлэгдэнэ. Харамсалтай нь бидний хувьд шахаанд оруулбал хоёр тал санал нийлээгүйн улмаас хэрэг Арбитрын шүүхэд очно. Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу татвараа төл гэсэн шаардлага тавьсан. Харин бидний хувьд санал нийлэхгүй байна. Засгийн газрын зурсан гэрээн дээр үндэслэн татварын хөнгөлөлтөө эдэлж байгаа гэдгээ хэлсэн. Асуудал Арбитрын шүүхэд шилжих тал руу хандаж байна. Арбитрын шүүхийн процесс хамгийн багадаа 1.5 жил үргэлжилдэг. Бидний хувьд бүх тооцоо судалгааг гаргасан. Хэрэв шаардлагатай бол Оюутолгойн нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг өгөхөд бэлэн. Нээллтэй, хаалттай байх нь та бүхний асуудал. Далд уурхай зогсоход ямар байх вэ, ирэх жил нөхцөл байдал яах вэ, далд уурхайг үргэлжлүүлбэл ямар сорилттой тулгарах вэ зэрэг бүх тооцоо судалгааг гаргасан. Рио Тинто компанийн удирлага өөрчлөгдсөн. Одоо байгаа хүмүүс нь шинэ удирдлага гарч иртэл томоохон гэрээ хэлэлцээрийг цуцлах асуудлыг ярилцах боломжгүй байна гэсэн. Монгол Улсын Засгийн газар тухайн үед шийдвэр гаргасан. Хэний Засгийн газар гэдэг нь хамаагүй Монгол Улсаа төлөөлөн удирдах байгууллага учир асуудал энэ дээр байна. 34 хувиасаа болоод Монгол Улс хүнд байдалд орж байна. Оюутолгойн төсөлтэй холбоотой асуудлаар тайлбар өгөхөд бэлэн. Оюутолгойн төслийн тухай гишүүдийн байр суурь өөр өөр байна лээ.
Нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах "Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл"-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.
Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах хүрээнд Монгол Улсын хэрэгжүүлж буй КОВИД-19 цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээ авах үйл ажиллагааг дэмжихэд зориулан 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах талаар тус банктай тохиролцож, Монгол Улсын Засгийн газар болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (КОВИД-19 цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр)-ийг байгуулжээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Өмнө нь зээл авч үр дүнгүй зарцуулж байсан. Одоо цар тахлын энэ хүнд үед нөхцөл сайтай зээл тусламжийг авч ашиглах ёстой. Харин авсан зээлээ үр өгөөжгүй зүйлд зарцуулах тал дээр анхаарах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Олон улсад мөнгө яагаад Монгол руу өгөөд байдаг вэ. Хүссэндээ өгдөггүй ш дээ. Шахаж өгдөг. Европын холбоо, Япон, АНУ-аас авч буй мөнгө шахалтаар орж ирж буй мөнгө гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Өр ихсэж байгаа нь төсвийн алдагдлаас болж үүссэн. Цаашдаа өрийг бууруулах хэрэгтэй. Засгийн газраас урт хугацааны зээлүүдийг авах хэрэгтэй. Үүнийг цаанаас нь хүчилж байгаа. Эдгээр зээлийг авах гэж бөөн ажил болж байгаа гэдгийг зарим гишүүд ойлгох хэрэгтэй. Хөгжиж байгаа хятадууд хүртэл Азийн хөгжлийн банкнаас мөнгө авдаг шүү дээ. Дэлхийн бүх эдийн засагчид урт хугацаатай хөнгөлөлттэй зээлийг аваад явах нь зөв гэж үздэг.
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Олон улсын байгууллагуудаас авч буй зээлийг эдийн засгаа вакцинжуулахад зарцуулмаар байна. Цар тахлын улмаас эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед Их Британи Герман зэрэг гадны орнуудад хувийн хэвшлийнхнээ дэмжиж байна. Энэ жишгээр бид эдийн засгаа дэмжих хэрэгтэй.
Чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо хоорондын "Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээр"-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Монгол Улсын Засгийн газар, Европын Комисстой 2014-2020 онд хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд 50.8 сая еврог төсвийн дэмжлэг болон техникийн туслалцаа хэлбэрээр авахаар тохиролцож, санхүүжилтийн хэлэлцээр байгуулсан. Уг төсвийн дэмжлэгийг төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах болон хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнд зориулан буцалтгүй тусламж хэлбэрээр олгох юм.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Өнөөдөр Монгол Улс ямар хэмжээний өртэй байна вэ. Нэг хүнд ногдох өрийн хэмжээ хэд вэ?
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Монгол Улсын гадаад өр, Засгийн газрын гадаад өр гэж хоёр өөр зүйл. Монгол Улсын гадаад өр 30.8 тэрбум ам.доллар. Үүнээс Оюутолгой ХХК, Энержи Ресурс ХХК зэрэг томоохон ААН, компаниудын зээл 19.1 тэрбум ам.доллар, Засгийн газрын өр 7.9 тэрбум ам.доллар, Арилжааны банкуудын зээл 1.7 тэрбум ам.доллар, Монголбанкны зээл 2.1 тэрбум ам.доллар тус тус эзэлж байгаа. Гадаадын хөрөнгө оруулагчийн өр яагаад Монгол Улс дээр бичигдээд байна вэ гэхээр төслийг хоёр эх үүсвэрээс санхүүжүүлж байгаа. Нэг нь өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх учир өрөнд тооцогдохгүй. Харин томоохон хөрөнгө оруулалтын банкуудаас зээл аваад Монгол Улсад хөрөнгө оруулбал манай зээлд тооцогдоно. Өөрөөр хэлбэл, шууд хөрөнгө оруулалтаар санхүүжилт орж ирсэн ч тэр нь зээл байвал Монгол Улсын гадаад өр гэж тооцогдоно. Монгол Улс хөгжлийнхөө үед буюу 1990 оноос хойш нийт 3 тэрбум орчим ам.долларын буцалтгүй тусламж авсан.
УИХ-ын гишүүн C.Ганбаатар: Гадаад өрийн тааз хэмжээ ямар байгаа вэ?
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Өнөөдрийн байдлаар өрийн тааз 50 хувьд хүрсэн. Өрийн тааз дээр анхаарал тавьж ажиллаж байгаа.
УИХ-ын чуулганы хуралдаанаар Цар тахлын тухай хуульд хяналт тавих Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэх тухай асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн тусгаарлалтын 21 хоногийг багасгах санал гаргалаа.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: 21 хоногийн тусгаарлалт дэлхий дээр ганцхан Монгол Улсад байна. Бусад орон 14 хоног. Мөн бусад улс орнууд бизнес түншүүдээ 7, 5 хоног тусгаарлах зэргээр зохицуулж байна. 21 хоног гэхээр гадаадын бизнес эрхлэгчид орж ирдэггүй юм байна. Сая олон улсын байгууллагын хүмүүстэй уулзаж байхад энэ асуудлыг хөндөж байна. Тэгэхээр энэ асуудал дээр манай Түр хорооныхон онцгойлон анхаармаар байна. Шаардлагатай тохиолдолд тусгай буудалд хүлээн авч уулзалт хийх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Гадаад ертөнцөөс тасарч болохгүй гэв.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Европын холбооны орнуудад эргээд үндэсний хэмжээнд хөл хорионы дэглэм тогтоож байна. Хоёр дахь давалгаа эхэлсэн. Бидний хувьд хөл хорионы дэглэмээ зөөлрүүлсэн. Хяналтыг чангатгах шаардлагатай. Коронавирусийн нөхцөлтэй холбоотой түр хороо хяналт тавьж УИХ-д сар тутам тайлагнаж байх ёстой. Амны хаалт зүүх явдал багассан. Гишүүд бидний хувьд бас үлгэр дууриалал үзүүлэх хэрэгтэй.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2020.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/;
Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо хоорондын "Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээр"-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (КОВИД-19 цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр)-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах "Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл"-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
“Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
