Д.Нямхүү: Алтанбулагийн боомтоор орж ирсэн 26 настай эрэгтэйн давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжмилгээний хариуг зарлав.

Тэрбээр "ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн явуулын лаборатори, Сэлэнгэ аймгийн салбар лабораторит нийт 1233 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс шинэ коронавирусийн халдвар илэрчээ. Тодруулбал, аравдугаар сарын 22-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 26 настай эрэгтэйн давтан шинжилгээнээс вирус илэрсэн.

ХӨСҮТ-ийн тусгаарлах байранд сэжигтэй гэж 12 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. 48 хүн сайн дураар шинжилгээ хийлгэхэд мөн илрээгүй байна. Мөн тандалтын зорилгоор Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгээс 20 шинжилгээ хийхэд илрээгүй. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан гурван хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Төмөр замын ажилчдын 10 сорьцод мөн илрээгүй. Ажиглах байранд тусгаарлагдсан 27, үүрэг гүйцэтгэж ажилласан 67 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор орж ирсэн 24 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Батлагдсан тохиолдол Монгол Улсад 340 боллоо. Үүнээс эдгэрсэн хүн 312.  Эдгэрэл 91 хувьтай байна.

ХӨСҮТ-д 28 хүн эмчилгээнд байна. Хөнгөн 20, хүндэвтэр 8 өвчтөн байна. ОХУ-д COVID-19-ын тохиолдол ихсэж байгаа нь бидний анхаарлыг ихээр татаж байна. Амны хаалт зүүгээгүй хүмүүс их байна. Анх хэрэгжүүлж байсан шигээ халдвар хамгааллын дэглэмээ баримтлаарай. Амны хаалтаа зүүж, гараа тогтмол угааж, олон нийтийн газраар явахгүй байх нь чухал" гэлээ.  

Эх сурвалж:Ikon.mn

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.