“Монголын Алт” (МАК) ХХК Цагаансуваргын ордын хууль ёсны эзэмшигч үү?

Дорноговь аймгийн Мандах суманд байрлах Цагаансуваргын зэс-молибденийн ордод 1965 оноос хайгуул хийж эхэлсэн боловч үүнээс хойш 34 жилийн хугацаанд тус ордод нарийвчилсан хайгуул хийж, нөөцийг нь Монгол Улсын болон олон улсын стандартын дагуу тогтоож байсангүй.

Тухайлбал,  тус ордыг 1995, 1998 онд эзэмшиж байсан Австралийн “Молопо Острелиа” НЛ болон “Меторд” ХХК-иуд  Цагаансуваргын ордод хайгуулын дорвитой ажил хийж, нөөцийг нь бүрэн тогтоож чадаагүйг тухайн үеийн Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын мэдээллүүд илтгэнэ.

Улмаар  1999 оны 12 дугаар сарын 07-нд “Монголын Алт” (МАК) ХХК-ийн өргөдлийн дагуу Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын шийдвэрээр Дорноговь аймгийн Мандах сумын нутагт байрлах 19736 га талбай буюу “1978Х” тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг “Монголын Алт” (МАК) ХХК-д олгосон байна.

Ингэснээр Цагаансуваргын ордын нөөцийг Монгол Улсын ашигт малтмалын нөөцөд бүртгүүлж, өмнөх жилүүдэд хийсэн хайгуулын алдаа, дутагдлыг “Монголын Алт” (МАК) ХХК засаж, сайжруулсан аж. Ингэж хагас жаран жилийн турш бүртгэлгүй, тогтоосон нөөцгүй явж ирсэн Цагаансуваргын ордыг “Монголын Алт” (МАК) ХХК Монголын болон олон улсын стандартын дагуу бүртгүүлсэн байдаг. “Монголын Алт” (МАК) ХХК нь Цагаансуваргын ордын тусгай зөвшөөрлийн эзэмшигч болсноор  

  • 2001-2008 онд  8,336,637,652 төгрөгийн нарийвчилсан хайгуул хийсэн.
  • Үр дүнд 2007 онд Канадын СIM 43-101 стандартын дагуу нөөцийг тооцоолж, 2008 онд Австралийн JORC стандартаар баталгаажуулсан.
  • Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2009 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хурлаар “Монголын Алт” (МАК) ХХК-ийн гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнг хэлэлцэж, 21/01 тоот дүгнэлтээр тус ордын зэс-молибденийн сульфидын хүдрийн нөөцийг 250.4 сая тн, 0.643 хувийн агуулга бүхий зэс 1.6 сая тн, 0.026 хувийн агуулга бүхий молибден 66.167 тн, 0.044 г/тн агуулга бүхий алт 11.127 тн хэмээн баталж Ашигт малтмалын газар (АМГ)-ын даргын 2009 оны 397 дугаартай тушаалаар Монгол Улсын ашигт малтмалын нөөцөд бүртгэсэн.
  • Ордын хайгуултай холбоотой улсын төсвөөс гарсан зардлыг “Монголын Алт” (МАК) ХХК 2006 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 100 хувь эргүүлэн төлсөн байна. 

"Төр Цагаансуваргад хөрөнгө оруулахаас татгалзсан"

Ашигт малтмалын тухай хуулийн 5.5 дахь заалтад “ ... ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болохоор заасан. Засгийн газрын төлөөллүүдийн Ажлын хэсгийн дүгнэлтээр төр Цагаансуваргын  төсөлд 350 сая 600 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийн, тус ордын 34 хувийг эзэмших тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо нь Цагаансуваргын нөөц нь том биш буюу Эрдэнэтийн ордын хүдрийн нөөцөөс 7 дахин, Оюутолгойн ордын нөөцөөс 27.8 дахин бага, хөрөнгө оруулалтын дотоод өгөөжийн норм нь бага, Цагаансуваргын төслийг төр эзэмшихгүй байх нь хууль эрхзүйн хувьд ямар ч зөрчил үүсэхгүй зэрэг саналыг УИХ-д хүргүүлсэн байна.

УИХ-ын 2014 оны 7 дугаар сарын 01-нд хуралдаж, 54 дугаар тогтоол баталсан. Ингэснээр чуулганд оролцсон 61 гишүүний 73.8 хувийн саналаар Ашигт малтмалын тухай хуулийн 5.5 дахь заалт болон 8.1.7 дахь заалтыг үндэслэн Цагаансуваргын ордод төрийн эзэмшлийн хувь, хэмжээ байх шаардлагагүй гэж шийдвэрлэжээ.

Үүнээс үзэхэд төр Цагаансуваргын ордод хөрөнгө оруулахаас өөрөө татгалзсан. Тиймээс “Монголын Алт” (МАК) ХХК үндэсний 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийн хувиар бие даан хэрэгжүүлсээр ирсэн. Гэхдээ Монголын төр Цагаансуваргын төсөлд ямар нэгэн хөрөнгө оруулалт хийлгүйгээр төслийн үр ашгийн 57-60 орчим хувийг албан татвар, төлбөр, хураамж хэлбэрээр хүртэх юм.

“Монголын Алт” (МАК) ХХК дорнын говьд хөгжил түгээв 

“Монголын Алт” (МАК) ХХК нь Цагаансуваргын ордын тусгай зөвшөөрлийг хууль ёсны дагуу эзэмшиж эхэлснээр дорнын говьд хөгжлийн жим татуулж, ордын ойр орчмын орон нутгийг зөөлөн, хатуу дэд бүтцэд холбосон. 

Тухайлбал, 21 дүгээр зуунд цахилгааны байнгын эх үүсвэрт холбогдоогүй байсан Дорноговь аймгийн хоёр сумыг найдвартай эрчим хүчээр хангаж, “Оюутолгой-2” дэд станцаас Цагаансуваргын төслийн талбай хүртэл 159.4 км урттай 220 кВ-ын хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам татан, 220/22 кВ-ын дэд станц барьж төрд хүлээлгэн өгчээ. Ингэснээр тус компани Дорноговь аймгийн Мандах, Хатанбулаг сумыг эрчим хүчний байнгын, найдвартай эх үүсвэрт холбож, дорнын говьд хөгжлийн үрийг тарьж, хүн зоныг нь таатай амьдрах нөхцөлөөр хангасан байна. Мөн Цагаансуварга–Мандах, Айлбаян-Цагаансуварга чиглэлийн автозамыг сайжруулсан.

“Монголын Алт” (МАК) ХХК Цагаансуваргын төслийн талбайгаас 16 орчим км-ийн зайд орших Нарангийн хоолойд газрын доорх усны эрэл хайгуулын ажил гүйцэтгэж, үйлдвэрлэлийн В, С1 зэргээр үнэлсэн 220 л/с ундарга бүхий усны нөөц тогтоож, 2011 онд “Улсын усны мэдээллийн сан”-д бүртгүүлсэн. 2012 онд усан хангамжийн системийн барилга, байгууламжийн нарийвчилсан зураг төсөл, 2012-2013 онд гүний худаг өрөмдөх, тоноглох ажлыг гүйцэтгэсэн.

Ордын ойр орчимд үүрэн холбооны сүлжээ, өндөр хурдны интернэт, дотоод сүлжээний систем нэвтрүүлж, орон нутгийн иргэд мэдээллийн технологийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхах боломж бүрджээ.

2013 онд хайрга, дайрга бэлтгэх болон элс угаах үйлдвэр, 120м.куб/цаг-ийн хүчин чадалтай хос зуурмагийн үйлдвэрийг ашиглалтад оруулсан. 2012-2014 онд ажилчдын тосгоны байр сууц, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх төв, оффис, ажилчдын чөлөөт цаг өнгөрөөх төв, гал тогоо, цайны газар, түлшний агуулах зэрэг туслах барилга, байгууламжийг ашиглалтад оруулсан байна.

Цагаансуваргын төслийн үр ашгийн 60 хүртэлх хувийг

Монголын нийт ард түмэн хүртэнэ

“Монголын Алт” (МАК) ХХК нь зэс, молибдений Цагаансуваргын ордыг түшиглэн жилд 14.6 сая тонн хүдэр боловсруулж, 320 000 тонн зэсийн баяжмал, 5 000 тонн молибденийн баяжмал үйлдвэрлэнэ. ТЭЗҮ-д зааснаар энэхүү төсөл нь 1120 ажлын байр шинээр бий болгож, жилд 400-600 сая ам.долларын экспортын борлуулалтын орлого олох тооцоотой.

Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй компанийн хувиар орон нутгийн төсөвт 17 орчим төрлийн татвар хураамж төлөх бөгөөд Цагаансуваргын төсөл нь жил бүр улсын төсөвт ойролцоогоор 178 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр ТЭЗҮ-д тусгажээ.

Цагаансуваргын төсөлд ямар нэгэн хөрөнгө оруулалт хийлгүйгээр төслийн үр ашгийн 57-60 орчим хувийг албан татвар, төлбөр, хураамж хэлбэрээр хүртэнэ. Өөрөөр хэлбэл, төрийн зүгээс тус төсөлд хөрөнгө оруулалгүйгээр Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл, валютын ханшийн тогтворжуулалт, эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлөх үр ашгийг хүртэж, тус төслийн нийт өгөөж дотооддоо шингэн үлдэх юм. Үргэлжлэл бий...

Эх сурвалж: “Монголын Алт” (МАК) ХХК

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.