Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ буюу ломбард эрхлэгч нарт хийсэн шалгалтынхаа талаар мэдээлэв. Нийт 180 ломбард эрхлэгчдэд шалгалт хийхэд ломбард эрхлэгчид нь тухайн эд зүйлийг үндсэн үнийн 40-50 хувиар тогтоож өдрийн 0,7 хүү боддог талаар мэдээлсэн юм.
Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаанд Монгол улсын MNS 5274 : 2017 стандарт үйлчилдэг бөгөөд уг стандартын дагуу ломбардын зээлийн хүүг талууд харилцан тохиролцох ёстой ба өдрийн хүү дээд тал нь 0,5 хувь байх ёстой аж.
"Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ. Нийтлэг шаардлага" хэмээх стандартын онцлох заалтуудыг хүргэж байна.
- Барьцаалан зээлдүүлэгч нь хэрэглэгчтэй заавал цаасан гэрээ хийх ба талууд тохиролцож барьцааны эд хөрөнгөнд заавал анхны үнэлгээ хийнэ.
- Талууд олгох зээлийн хэмжээ, хүү, хугацаа, төлбөр хийх үүргийн огноог тогтсон байна.
- Гэрээний үүргийн хангуулах /хүлээлгийн/ арав хоногоос багагүй хугацааг олгож, энэ тухай гэрээнд тусгана
- Борлуулсан орлогын үнийн дүнгээс гэрээний үүргээ хангуулаад, холбогдох бусад зайлшгүй зардлыг хасаад үлдсэн хэсгийг зээлдэгчид буцаан олгоно
Зэргээр заасан байдаг ч барьцаалан зээлдүүлэгчид хэрэглэгчдийн мэдээлэл дутмаг байдлыг ашиглан завшиж байгаа талаар ШӨХТГ-аас хэлсэн юм.
Эх сурвалж:GoGo.mn