Эрүүл мэндийн яамны мэдээллийн цагаар ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам мэдээлэл өглөө.
Тэрбээр "Жил болгон дархлаажуулалтын 10 хоногийг жилд хоёр удаа зохион 5, 10 дугаар сард байгуулдаг.
Энэ жилийн 10 хоногоор "Томуугаас сэргийлье" уриатайгаар 1-10-ны өдрүүдэд улсын хэмжээнд эрсдэлт бүлгийн хүмүүсийг томуугийн эсрэг вакцинд хамруулж байна.
Монгол Улсад томуугийн эсрэг вакцинжуулалтыг эртнээс хийж эхэлж байсан. Тоо хэмжээний хувьд харьцангуй бага байсан.
Дархлаажуулалтын тухай хуулийн дагуу томуугийн эсрэг вакциныг сайн дурын үндсэн дээр эрсдэлт бүлгийнхэнд хийдэг.
2016 оноос хойш АНУ-ын өвчний хяналтын төвөөс манай улсад вакциныг нийлүүлж байгаатай холбоотойгоор вакцин нэмгдэж ирсэн.
Энэ жилийн хувьд өмнөх жилүүдээс 3 дахин их вакциныг авч, эрсдэлт бүлгийн хүмүүсийг хамруулж байна.
Жил болгон хийж буй томуугийн вакциныг НҮБ-ын сан болон холбогдох байгууллагуудаар дамжуулан авдаг.
Тухайн жил хэдэн удаагийн нийлүүлэлт хийж байгаагаас шалтгаалан томуугийн эсрэг вакцины үйлдвэрлэгчид өөр байдаг.
2016 онд манай улс 3 үйлдвэрлэгчийн, 2017 онд 2 үйлдвэрлэгчийн, 2018-2019 онд үйлдвэрлэгчүүд өөрчлөгдөж байсан.
2020 оны хувьд хоёр удаагийн ханган нийлүүлэлтээр хоёр үйлдвэрлэгчийн 509,500 хүн тун вакцин хүлээж авлаа.
Энэ вакцин ньДЭМБ-аас 2020-2021 оны томуугийн улиралд зөвлөмж болгосон, батламжийг нь авсан 3 цэнт А хүрээний H1N1, А хүрээний H3N2, Б хүрээний нэг омгийг агуулсан 3 цэнт юм.
509,500 хүн тун вакцинаа 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, ажил мэргэжлийн шаардлагаар хийлгэдэг эрсдэлт бүлгийн хүмүүст хийлгэх зорилгоор 20 гаруй байгууллагад 487,000 хүн тун вакциныг хүргэсэн
Дархлаажуулах ажиллагаа улсын хэмжээнд эхэлсэн.
Томуугийн эсрэг вакциныг аймгийн төвийн 2-5 насны хүүхэд, нийслэлд 6 сартайгаас 9 насны хүүхдүүдийг харьяа дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын байнгын болон түр цэгүүд дээр зохион байгуулж байна.
Хүүхдүүд томуугийн өвчлөлд өртөмхий байдаг учир энэ ажлыг зохион байгуулж байна.
65 буюу түүнээс дээш насныхан, 4-өөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, амьсгалын замын болон бусад архаг суурь өвчтэй иргэд харьяа ЭМТ-ийнхөө дархлаажуулалтын нэгжид вакцинд хамрагдаж байна.
Томуугийн эсрэг вакцинд хүүхдээ хамруулахад анхаарах зүйлс:
- Сүүлийн нэг сарын хугацаанд товлолын болон томуугийн вакцинд хамрагдаагүй байх, хэрэв хамрагдсан бол хойшлуулах ёстой
- Бусад насныханд эсрэг заалт байхгүй
- 6 сартайгаас 2 насны хүүхдүүдийг 2 тунгаар, 3-аас дээш насныхныг 1 удаагийн тунгаар дархлаажуулж байгаа.
Томуугийн эсрэг вакцинд хамрагдсанаар томуугийн өвчлөл болон хүндрэлээс сэргийлэх үр дүнтэй байдаг тул эцэг эхчүүд сургууль, цэцэрлэгээс авч байгаа зөвшөөрлийн хуудастай танилцан, мэдээлээ бүрэн бүтэн өгч, гарын үсэг зуран баталгаажуулан бага насны хүүхдүүдээ дархлаажуулалтад идэвхтэй оролцохыг уриалж байна" гэв
Эх сурвалж:Ikon.mn
