Монголын хамгийн нэр хүнд муутай улс төрчдийг тодруулсан судалгааг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж тэргүүлжээ

Саяхан Монголын хамгийн нэр хүнд муутай улс төрчдийг тодруулсан судалгаа гарсан байна. Иймэрхүү судалгаанууд яг таг иргэдийн санаа бодлын тусгал болж чадаж байгаа эсэхийг мэдэхгүй л дээ. Гэхдээ жагсаалтын тэргүүн эгнээнд экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тодорсон байсан нь миний анхаарлыг татав. Судалгаа тэгтлээ үнэнээс хол зөрөөгүй юм болов уу даа гэж бодоод өнгөрөв.

Өчигдөрхөн Ц.Элбэгдорж гуайн “Улаан Бал” нэвтрүүлгээр орсон яриаг сонслоо. Нэвтрүүлэг тавилттай байсан байж магадгүй гэж хардах үндэслэлтэй санагдсан. Хөтлөгч олон түмний зүгээс Ц.Элбэгдорж гэх улс төрчийг шүүмжилсэн олон олон шүүмжлэлүүдийг түүнээс хурц шийдэмгийгээр асууж байгаа юм шиг байр байдал гаргахыг хичээсэн ч гэсэн бусад оролцогчдоосоо асуудаг шиг түс тас, шийдэмгий байж огт чадаагүй. Харин ч ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид өөрийгөө өмгөөлөх боломж, бололцоог олгож байгаа юм шиг надад санагдсан гэдгийг би нуухгүй хэлмээр байна.

Ц.Элбэгдорж ч яахав ам хэлээрээ бусдын толгойг эргүүлэхдээ гаргууд гэдгийг бид мэднэ. Болдог зүйл болдгоороо болоод Элбэгээ түүний ихэнх яриаг замхруулаад өнгөрсөн. Ингэх зуураа өөрсдийг нь залгамжлан халааг нь авсан дараа үеийн төр засгийн удирдлагуудыг ч мөн гадаадын гар хөл, тавиул гэх мэтээр ямар ч нотолгоогүй гөрдөөд амжих шиг болсон. Ярьж байгаагаас нь дүгнэвэл Монголд Элбэгдорж гэсэн ганц хүн л Монголын төлөө цохилох зүрхтэй байгаа гэж хэлэх гээд байгаа нь мэдэгдэнэ. Түүнийг яриаг үзээд бага зэрэг бухимдсан учраас өнөөдөр би энэ шүүмжлэлийг бичиж сууна.

Ц.Элбэгдорж Монголын улс төрд их эрх мэдэл нөлөөтэй явсан хүн. Өнгөрсөн 30 жилийн Монголын улс төрд болсон үйл явдал бүрт тэр холбоотой. Мэдээж тэр болгоныг энд багтааж бичих боломжгүй. Гэхдээ Ц.Элбэгдорж болон түүний нөхөд насаараа Ардчиллыг өөртөө өмчилж улс төрийн эрх мэдлээ хадгалж үлддэг байсныг дурдахгүй өнгөрч болохгүй. Үүнийг нь тэр Ерөнхийлөгч байхдаа өөрийгөө Ардчилсан Ерөнхийлөгч гэж өргөмжилж байснаас нь харж болно. Түүний өмнө сонгогдсон ерөнхийлөгчид Ардчилсан бус байдлаар сонгогдсон гэсэн утгыг илэрхийлэх гэсэн юм шиг. Үнэн хэрэгтээ Монголын бүх ерөнхийлөгчид л Ардчилсан сонгуулиар сонгогдсон. Харин одоо түүний Ардчиллыг өмчилж ашиг хонжоо олдог байсан цаг төгсгөл болсон нь сайн хэрэг.

Ц.Элбэгдорж шүүхийг шинэчилж, шударга ёсыг Монголд тогтоох амлалттайгаар анх Ерөнхийлөгчид сонгогдож байв. Ингээд хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулж, бас бус хуулиудыг шинээр санаачилж шүүхийн бүтэц зохион байгуулалтыг бага зэрэг өөрчилж, шүүгчдийн цалин хөлсийг Монголд байгаа бүх төрийн албан хаагчдын цалинтай харьцуулашгүй их өндөр тогтоосон байдаг. Ингэж шүүгчдийн эсэргүүцлийг дарж авав.

Мөн шүүхийн томилгоог шинээр хийх нэрээр Монголын бараг бүх шүүгчдийг өөрийн биеэр дахин томилж өөрт нь таалагдаагүй хүмүүсийг түдгэлзүүлсэн байдаг. Мөн сонгуулийн сурталчилгааныхаа үеэр өмнөх Ерөнхийлөгчөө авлигын хэрэгт олон удаа олон нийтийн өмнө буруутгаж дайснаар тодруулсан бөгөөд сонгогдсонхын нь дараа Н.Энхбаяр ерөнхийлөгч шоронд орсон байдаг. Түүний хийсэн шүүхийн шинэтгэлийн үйл хэрэг ингээд л төгссөн гэж хэлэхэд хилсдүүлсэн болохгүй.

Мөн тэрээр АТГ, УЕП, ЦЕГ гэх мэт хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудыг өрөөндөө дуудаж авчран загнаж зандран ажлаа өгөхийг тулган шаардаж байв. Ингээд яаж ийж байгаад өөрийнхөө хүмүүсийг томилуулж чадсан байдаг. Эндээс дүгнэвэл тэрээр шүүхийн шинэтгэл хийх нэрээр сонгогдож, эрх мэдлээ хэмжээ хязгааргүй өргөжүүлсэн нь харагдана. Гэсэн ч шүүх, хуулийн байгууллагууд иргэдийн хүсэн хүлээсэн шиг шинэчлэгдээгүй бөгөөд харин ч түүнийг ерөнхийлөгчийн эрх мэдлийг хэрэгжүүлж байх цагт түүний Монголын хууль шүүхэд шургуулсан хүмүүс бизнесийн байгууллагуудыг дарамталж авлига авдаг ёс тогтсон тухай хэн хүнгүй шуугих болсон.

Хожим нь энэ нь үнэн болох нь эхлээд түүний тамгын газрын даргаар ажиллаж эхлээд дараа нь УЕП, Хууль зүйн сайдад томилогдсон Дорлигжав гэх түүний найз Алтан Дорнодын Ганболд захирлыг дарамталж мөнгө нэхэж авсан нь баримтаар болон гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон байдаг. Чухам эдгээр үйл явдлууд олон нийтийн өмнө ил болж, хүмүүс ч шүүх шинэчлэгдээгүй төдийгүй улам бүр дордсон гэж ойлгох болсон учраас “Шударга бусын хонгил” гэх мэт нэр томьёонууд бий болсон хэрэг.

Элбэгдоржийн Шүүхийн шинэчлэл бүхэлдээ буруутсан. “Бид сөрөг хүчин байхдаа Шүүхийн тухай харддаг байсан хардлагуудын 95 хувь нь огт байгаагүй гэдгийг сүүлд олж мэдсэн” гэж хэлсэн нь үүнийгээ өөрөө ч хүлээн зөвшөөрсөн хэрэг. Шүүхийн шинэтгэлийн үйл хэрэгт хамтдаа зүтгэнэ гэж анх Хууль зүйн сайдаар томилуулж асан Х.Тэмүүжин хүртэл түүнийг хууль зүйн шинэтгэлээ татаж унагаахын төлөө Алтанхуягийн ЗГ-ыг огцруулахад хүргэсэн гэж хэлсэн байдаг. Цаашлаад ЕС асан Х,Алтанхуягийн мэдэгдэл гэх мэтээр түүний хийсэн буруутай үйлдлүүдийг илчилсэн хүмүүс олон.

Мэдээж Элбэгдоржийн хийсэн буруу, зөрүү бүхнийг энд багтааж бичих арга харамсалтай нь үгүй. Дээрх бичсэн бүхэн тун саяхан бид бүхний нүдний өмнө болж өнгөрсөн үйл явдал учраас л би хүмүүст дахин сануулахыг хүссэн хэрэг.

Аливаа ард түмний олонхийн итгэлийг хүлээж төрийн тэргүүнээр сонгогдоно гэдэг хүссэн хэн бүхэнд олдохгүй том хүндэтгэлийн хэрэг, том хувь заяа юм. Гадаадын олон улс орны Ерөнхийлөгчид ажил үүргээ итгэлтэйгээр, нэр төртэйгөөр гүйцэтгээд хожим нь ард түмнийхээ дунд нүүр бардам алхаж явааг алийг тэр гэхэв.

Харин Монголын Ардчиллын түүхэнд 2 удаа ЕС-аар томилогдож, 2 удаа Ерөнхийлөгчид сонгогдсон хүн ард түмнийхээ санал асуулгаар ямар ч нэр хүндгүй болчихсон байгаа нь туйлын харамсмаар үйл явдал. Ц.Элбэгдорж энэ бүхэнд ямар ч дүгнэлт хийж, алдаа мадгаа огтхон ч ухаараагүй болох нь өчигдрийн Улаан бал нэвтрүүлэгт өгсөн ярианаас нь харагдлаа. Магадгүй түүнд ойлгож ухаарах хүсэл дутсан байх.

Эх сурвалж:Б.Одсүрэн

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.