Т.Мөнхсайхан: Халдварын голомтод ажиллаж буй эмч, мэргэжилтнүүд 2.5-3.5 сая төгрөгийн цалин авч байна

Монгол Улсад гуравдугаар сарын 9-ний өдөр Франц улсын иргэн коронавирусийн халдвар авсан нь батлагдсанаас хойш долоон сарын хугацаанд эрүүл мэндийн болон төрийн холбогдох албаныхан өндөржүүлсэн бэлэн байдалд онцгой дэглэмээр ажиллаж байна.

ХӨСҮТ-д коронавирусийн халдвартай хүмүүс болон тусгаарлах байранд ажиллаж буй эмч, мэргэжилтнүүд ядарч байна. Онцгой дэглэмээр цаг наргүй ажиллаж буй төрийн албан хаагчдад ямар цалин хангамж олгож буй талаар Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас сэтгүүлчид тодрууллаа.

Шадар сайд Я.Содбаатар, Коронавирусийн халдвараас сэргийлэх чиглэлээр онцгой дэглэмд ажиллаж буй төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд Засгийн газар анхаарал тавьж байгаа. Тухайлбал, Илүү цагаар ажилласан цалинг тооцох журмаар хөнгөлөлттэй нөхцөлөөр урьдчилгаагүйгээр орон сууцны зээлд хамруулж байна. Мөн төрийн 1533 албан хаагчид хандивын мөнгөнөөс нийт 600 сая төгрөгийг урамшуулал, илүү цагийн мөнгө олгосон гэв.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Тусгаарлах байр болон ХӨСҮТ-д халдвартай хүмүүстэй ажиллаж буй эмч, мэргэжилтнүүд сард дунджаар 2.5-3.5 сая төгрөгийн цалин авч байна. Үүнээс дээш цалин авч буй мэргэжилтнүүд ч бий. Коронавирусийн халдварын голомтод 157 эмч, мэргэжилтэн ажиллаж байна. Энэ хүмүүсийн ар гэрийнхэнд тус бүр 5 сая төгрөг, тусгаарлах байранд ажиллаж буй мэргэжилтнүүдийн ар гэрийнхэнд тус бүр 1 сая төгрөгийн урамшуулал олгох ажил үргэлжилж байна.

Эмч мэргэжилтнүүд коронавирусийн халдвартай хүмүүстэй 14 хоног ажиллаад, 14 хоног тусгаарлагдаж байна. Тусгаарлагдах хугацаандаа амраад авч байгаа учир эмч, мэргэжилтнүүд ядарч байна гэсэн гомдол ирээгүй гэлээ.

Эх сурвалж:GoGo.mn

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.