Ёс зүйн зөрчил гаргасан албан хаагчдын 500 нь буюу 78.5 хувь нь аймаг, нийслэлд байна

Төрийн байгууллагын Ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх, үйл ажиллагааг нь нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах, төрийн албан хаагчдыг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой Төрийн байгууллагуудын Ёс зүйн зөвлөлийн нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр буюу есдүгээр сарын 10-ны өдөр эхэллээ. Зөвлөгөөн есдүгээр сарын 11, 14-ний өдрүүдэд Корпорейт ковеншн центрийн их танхид үргэлжилнэ.

Зөвлөгөөнд Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Академич Эмерит профессор С.Нарангэрэл болон бусад эрдэмтэн судлаачид төрийн албан хаагчийн ёс зүйн талаар илтгэл тавин оролцож байна. 

Зөвлөгөөнийг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, Канад Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Катрин Ивкоф, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийн орлогч Нашида Саттар нар үг хэллээ.

Өнгөрсөн оны байдлаар нийт төрийн албан хаагч бүртгэгдсэн ёс зүйн зөрчил гаргасан  637 зөрчлийн 17 нь төрийн захиргааны удирдах албан тушаалтан, 299 зөрчлийг төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалтан, 321 зөрчлийг төрийн үйлчилгээний албан хаагч гаргасан мэдээ байна. Ёс зүйн зөрчил гаргасан нийт албан хаагчдын 500 нь буюу 78,5 хувь нь аймаг, нийслэлд байна.

Хүний эрхийн үндэсний комисс Шихихутаг хууль зүйн сургуультай хамтран 2018 онд хийсэн судалгаанд нийт 1120 хүн хамрагдсанаас 805 нь буюу 82,1% нь ажлын байран дахь бэлгийн дарамттай холбоотой үйлдэл, эс үйлдэхүйд өртсөн  ажээ.

НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийн орлогч Нашида Саттар “Монголд төрийн албаны ёс зүйн шинэтгэлийг хийхэд олон алхам тавигдаж байна. Энэ дундаас Ёс зүйн зөвлөл байгуулсан нь маш чухал. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр энэ зөвлөгөөнд оролцож, Ёс зүйн зөвлөл байгуулахад хамтран ажилласандаа таатай байна. Монголын төрийн албанд ажлын байрны бэлгийн дарамт түгээмэл үзэгдэл болсон талаар УИХ-ын дарга нээлтийн үгэндээ дурдсан. Энэ бол яаралтай шийдэх ёстой, их эмзэг сэдэв. Тиймээс өнөөдөр хүрэлцэн ирсэн хүмүүс уг асуудлын талаар нухацтай хэлэлцэж бууруулах арга замыг олж, шийдэлд хүрнэ гэж найдаж байна” хэмээлээ.



2019 оны нэгдүгээр сарын 1-нээс үйлчилж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчлэсэн найруулагыг дагаад Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг батлан мөрдөж байна. Уг тогтоолын хүрээнд 25-аас дээш ажилтантай төрийн албаны бүх шатны байгууллагад Ёс зүйн зөвлөл ажиллах ёстой хэмээн заажээ.  

“Байгууллага болгон өөрийн үйлчилгээний салбар, чиг үүрэг, бүтэц бүрэлдэхүүнээс хамаарч хүний тоо, ажиллах жил зэрэг нь харилцан адилгүйгээр ёс зүйн зөвлөлөө байгуулдаг. Мөн гомдол мэдээллийг хэрхэн хүлээн авах, статистик нэгдсэн мэдээлэл, бүртгэл гаргаж үүндээ хяналт шинжилгээ, үнэлгээ хийгээд ямар ёс зүйн зөрчил хамгийн их гарч буйг тогтоогоод байгууллагынхаа албан хаагчдад сургалт,  судалгаа хийж буй зэрэг нь харилцан адилгүй. Удирдлагынхаа манлайллаас хамаарч зарим байгууллага тогтмол сургалт хийдэг бол, бүр огт ажилдаггүй нь ч байна. Ёс зүйн зөвлөлийнхөө бүрэлдэхүүнийг нэг жилд зургаан удаа шинэчлэсэн тохиолдол хүртэл гарсан. Тийм учраас Ёс зүйн зөвлөлүүдийн зөрчил хянан шийдвэрлэх үйл ажилгааг нэгдмэл байдлаар журамлах хэрэгтэй гэж үзээд “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөлийн ажиллах нийтлэг  журмын төсөл”-ийг боловсруулж байна. Үүний үр дүнд үлгэрчилсэн нийтлэг журам гаргаснаар байгууллагууд үүнийг жишиг болгож өөрсдийн ажиллах журмыг тогтоох боломжтой” гэж Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн багш, дэд профессор, доктор Д.Сүнжид хэллээ.

Төрийн албанд нийт 198463 албан хаагч ажиллаж буйгаас төрийн захиргааны 316, төрийн үйлчилгээний  321 албан хаагч, нийт 637 төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргасныг байгууллагын дэргэдэх ёс зүйн зөвлөлөөр хэлэлцэн, холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих арга хэмжээ авчээ.

Уг зөвөлгөөнийг УИХ, Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Канад Улсын элчин сайдын яам хамтран “Илтгэл даах төрийн албаны төлөө” уриатай зохион байгуулж байна.

УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ “УИХ “Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороо”-г өргөтгөж  байгуулсан. Ёс зүйн дэд хороо ажиллаж байхад бид УИХ-ын гишүүдийн ирц, хуралдааны дэг болон гишүүдийн хөрөнгө орлоготой холбоотой асуудлуудыг хариуцаж ажилладаг байсан. Харин “Ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хороо” болж өргөжсөнөөр бидний эрхлэх асуудал хүрээ тэлж нийт төрийн албан хаагчдын ёс зүй, хариуцлагатай холбоотой асуудлууд, улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй 600 гаруй Ёс зүйн зөвлөлүүдийн мөрдөх  дүрэм, журам зэргийг хариуцаж байна. “Төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга, хариуцлагын тухай хууль”-ийг намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан. Энэ хуулийн бэлтгэл ажлыг хангах, ёс зүйн зөвлөлүүдийн үйл ажиллагааг хэрхэн сайжруулах талаар уг зөвөлгөөний хүрээнд хэлэлцэнэ” хэмээв.

Зөвлөгөөнд 14 яам болон 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг, Говь-Алтай аймгийн сумдын төрийн байгууллагын ёс зүйн зөвлөлийн бүрэлдэхүүнд ажилладаг төрийн захиргааны албан хаагчдын төлөөлөл болсон нийт 120 албан хаагч оролцож байна. Мөн 21 аймаг, 330 сумын төрийн байгууллагуудад цахим системээр шууд дамжуулан хүргэх юм байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.