Зөв хандлагатай, зөв залуус үйлдвэрийнхээ ирээдүйн хөгжлийг тодорхойлно

Үйлдвэрийн ажилчдаас авсан судалгаа, санал хүсэлт дээр тулгуурлан “Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөр”-ийг үйлдвэрийн хэмжээнд хэрэгжүүлж байна. Үүний нэг нь “Залуу ажилчдыг дэмжих” хөтөлбөр юм. Хөтөлбөрийн хүрээнд залуу ажилчдыг илүү мэдлэгтэй, мэргэжлийн хувьд илүү чадварлаг байхаас гадна зөв хандлагатай, ёс зүйтэй, чадамжтай ажилтан болгон хөгжүүлэхэд анхааран олон талт арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн "Оюу" танхимд "Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйд залуус бидний оролцоо" уулзалт өнөөдөр болж "Залуу ажилчдыг дэмжих хөтөлбөр"-т хамрагдаж байгаа 130 залуу ажилчин оролцсон юм. Эдгээр залуучууддаа хандан үйлдвэрийнхээ түүхэн хөгжил, анх геологи хайгуулын ажил хийгдэж, үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орж анхны баяжмалаа гаргасан үеэс эхлэн өнөөдрийн амжилт бүтээл, 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийн талаар Ерөнхий захирал Х.Бадамсүрэн дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Түүнчлэн үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагаа, олборлож байгаа хүдрийн агуулга, техник тоног төхөөрөмжийн шинэчлэлт, үйлдвэрлэлийн болон нийгмийн чиглэлээр хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа төсөл хөтөлбөрүүд, үр дүнгийн талаар ч залуу ажилчдадаа мэдээллээ. Эрдэнэт үйлдвэрийн ирээдүй тодорхой болж 60 жилийн нөөцөө тогтоосны зэрэгцээ ирэх жилүүдэд хэрэгжих том төслүүдэд ажиллах гол хүч нь залуус болохыг онцлон үйлдвэрийнхээ төлөө улам хичээн ажиллахыг хүслээ.

Үйлдвэрлэлийн гол зүрх болсон 1000 гаруй баяжуулагчдыг удирддаг Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон залуу ажилчдад ажлын туршлагаасаа хуваалцлаа. Тэрээр их сургуулиа төгсөөд үйлдвэрт анх засварчнаар ажлын гараагаа эхэлж байсан бол өнөөдөр 9 ажлын байрыг дамжин мерит зарчмаар дэвшжээ. "Ажиллаж байгаад хоёрдогч мэргэжлээр дахин суралцах нь том боломж байдаг юм. Үйлдвэртээ шинийг эрэлхийлж, өдөр тутам ажиллахад саад болж байгаа хүчин зүйлсийг л олоод харчихаарай. Түүнийгээ арилгаж, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх нь амжилттай ажиллахын үндэс болно. Хүн урам зоригоор эрч хүч авдаг учраас зорилгынхоо төлөө тууштай урам зоригтой тэмцэх хэрэгтэй" гэж залуу ажилчдад хэллээ.

"Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйд залуус бидний оролцоо"сэдэвт залуу ажилтны уулзалтад оролцож байгаа залууст Эрдэнэт үйлдвэрийн зардлаар ОХУ-д суралцаж байгаа залуусын төлөөлөл н.Бат-Эрдэнэ, ХБНГУ-д сургалтанд хамрагдаад ирсэн ЗХНБГ-ын мэргэжилтэн Г.Номмандах нарын залуус хэрхэн өөрийгөө хөгжүүлж, суралцаж, хөгжиж болох гарцаас хуваалцлаа.

Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн жил 22 залуу ажилчинаа ОХУ-д их дээд сургуульд явуулсан бөгөөд сургалтын төлбөрийг 100 төлөхийн зэрэгцээ ажлын байр, цалин хөлсийг нь хадгалж байгаа юм.

Уулзалтын төгсгөлд "Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйд залуусын оролцоо" хэлэлцүүлэг боллоо. Хөтөлбөрт оролцогч 5 багийн ахлагч нар болон үйлдвэрийн удирдлагууд бүтээн байгуулалт, хүний нөөцийн бодлого, тоног төхөөрөмжийн шинэчлэлт, ахмад залуу ажилчны эргэх холбоо, үйлдвэрийн залуу ажилтнуудын хөдөлмөрийн бүтээмж үр ашгийн талаар харилцан ярилцлаа.

"Залуу ажилчдыг дэмжих хөтөлбөр"-ийн хүрээнд зохион байгуулсан уулзалтаас дараахь шийдвэрийн төслийг гаргасныг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн залууст танилцууллаа. Үүнд хөтөлбөрийн шилдэг оролцогчдоос гадаадын шилдэг их дээд сургуульд магистр болон докторын сургалтанд үйлдвэрийн зардлаар суралцуулж дэмжлэг үзүүлэх, хөтөлбөрийн оролцогчдыг дэлхийн нэр хүндтэй үйлдвэр, судалгааны төвүүдэд дадлагажих, туршлага хуримтлуулах сургалт хөтөлбөрүүдэд хамруулах, мөн идэвхи санаачилгатай оролцсон ажилтнуудыг үйлдвэрийн газрын хүний нөөцийн Нөөц ажилтнаар сонгож, манлайллын хөтөлбөрт хамруулахаар тусгажээ.

А.Бямбамаа

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.