Гадаад улс орнуудтай хийж буй хамтын ажиллагааны талаар Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг мэдээлэл өглөө.
ОХУ-тай хамтран ажиллаж буй тухайд
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, Дэд сайд Б.Мөнхжин нар ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.Р.Азизовыг өнгөрсөн долоо хоногт хүлээн авч уулзжээ. "Уулзалтын үеэр энэ оны хоёрдугаар хагаст хэрэгжүүлэх боломжтой томоохон арга хэмжээ болон ирэх онд тохиох Монгол, Оросын хооронд Дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх асуудлаар ярилцсан 2021 оныг Монгол Оросын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны жил болгон зарлаж, энэ чиглэлд хоёр талаас идэвхтэй арга хэмжээ авч ажиллах саналыг Н.Энхтайван сайд дэвшүүлсэн.
ОХУ-д бүтээж, бүртгүүлсэн вакциныг бөөнөөр үйлдвэрлэж эхэлсний дараа манай талд нийлүүлэх хүсэлтийг бид Оросын талд албан ёсоор тавьсан байсан.
Оросын талаас “Вакциныг гадаадын зах зээлд борлуулах ажлыг Оросын шууд хөрөнгө оруулалтын сан хариуцна. Тус сан нь вакцин нийлүүлэх урьдчилсан захиалга авах, гэрээгээр үйлдвэрлэх, технологи шилжүүлэх, клиникийн туршилт хийх зэрэг асуудлаар гадаад түншүүдтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа” мэдэгдсэн.
Манай тал вакцины асуудлаар гэрээ, хэлэлцээ хийх сонирхолтой тохиолдолд гэрээний нөхцөлийг /хэмжээ, хугацаа, төлбөр зэрэг/ тохиролцоход Оросын шууд хөрөнгө оруулалтын сантай шууд харилцах юм.
Энэ саналыг УОК, Эрүүл мэндийн яам судалж, хариу өгөх бөгөөд цаашид энэ асуудлаар Оросын талтай байнгын холбоотой ажиллах болно" гэж Т.Батцэцэг хэлсэн юм.
"БНХАУ-Д ХАНДИВЛАХ 30 МЯНГАН ТОЛГОЙ ХОНИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ АЖЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ИДЭВХТЭЙ ЯВАГДАЖ БАЙНА"
БНХАУ-тай хамтран ажиллаж буй ажлын тухайд:
Тэрбээр "Худалдаа хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй Ногоон гарц хөтөлбөрийн дагуу ажлууд эрчимтэй өрнөж байна. Тухайлбал, манай жолооч нар Хятадын талд хонох нөхцөлийг бүрдүүлснээр нүүрс тээврийн хөдөлгөөн эрс нэмэгдсэн.
- Наймдугаар сарын 17-нд 1,012 машин
- Наймдугаар сарын 18-нд 1,072
- Наймдугаар сарын 19-ны 1,035,
- Наймдугаар сарын 20-ны өдөр 1,068 машин тус тус нэвтэрсэн.
Мөн жолооч нарыг хөнгөлттэй үнээр байруулах асуудлыг ГХЯ-наас Хятадын талтай тохиролцож Ганц мод боомтод 180, Сэхээ боомтод 160 юаниар байрлуулах зохицуулалт хийжээ.
Түүнчлэн "БНХАУ-д хандивлах 30 мянган толгой хонийг хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн үйл ажиллагаа идэвхтэй явагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт хоёр талын ажлын хэсгийн цахим уулзалтыг Гадаад харилцааны яаманд зохион байгуулж, хонийг хүлээлгэн өгөх нарийвчилсан асуудлаар ярилцсан гэлээ.
