ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
ХӨСҮТ, Дарханы вирус судлалын лабораторид 399 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүнд 21 жолооч, Өмнөговьд тусгаарлагдсан 27, сувилалд байгаа 5, Франкфуртын онгоцноос ирсэн хүмүүсийн шинжилгээ багтсан.
Харин ХӨСҮТ-ээс нэг хүн эдгэрч гарснаар нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 298, үүний 289 нь эдгэрээд байна.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл:
БНСУ-д нэг өдөрт 266 хүн шинээр халдвар авсны 8 нь гадаад улсаас зөөвөрлөгджээ. Тус улсын Засгийн газраас хязгаарлалтын зэргийг чангатган хоёрдугаар шат руу шилжсэн байна. Мөн иргэд аппликейшн ашиглан амны хаалт зүүгээгүй хүнийг холбогдох байгууллагад мэдэгдэж байгаа аж.
АНУ-д танхимын хичээл эхлээд хоёр долоо хоног болоход халдварын тохиолдол нэмэгдсэн байна. Иймээс халдварын дэглэм зөрчсөн сурагчдыг сургуулиас хөөх зэрэг арга хэмжээ авч байгаа аж.
Австрали улс дахь шинэ тохиолдлын тоо буурч байна.
Манай улсын тусгаарлан ажиглах байранд 271 хүн шинээр орж 3 хүн гарсан ба одоогоор нийт 3562 хүн байна. Цэргийн төв эмнэлэгт байгаа 3 хүний бие хүндэвтэр байна.
