УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийн шүүх хуралдаан Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр болсон. Шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзсэн юм. Дараа нь ял оноох шүүх хурал болж, түүнд 2 жил 6 сарын хорих ял оноов. Мөн нийтийн албанд ажиллах эрхийг нь зургаан жилээр хасах шийдвэр гаргажээ.
Тэрбээр Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас "Доктор МЭИК" компаниараа дамжуулан 700 сая төгрөгийн зээл авсан хэрэгт холбогдсон юм. Түүний шүүх хурал өмнө нь дөрвөн удаа хойшилсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүж буй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл/Гэмт хэрэгт хамтран оролцох/-ийн 2. /Гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно/
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйл/Гэмт хэргийг хатгагч/-ийн 1. /Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ. Бусдыг гэмт хэрэгт бусдаар дамжуулан хатгасан хүнийг гэмт хэргийн хатгагчид тооцно/
Хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл/Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/

Харин УИХ-ын гишүүн асан Б.Батзоригт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 4-нд мөн л Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд болсон. Шүүх Б.Батзоригийг гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан юм.
АТГ-аас УИХ-ын гишүүн асан Б.Батзоригийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгосон гэх үндэслэлээр яллагдагчаар татсан ч яллагдагч Б.Батзориг гэм буруугаа хүлээсэн тул прокурорын байгууллагаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналыг шүүхэд гаргасан юм.

ЖДҮХС-гаас зээл авсан дараагийн УИХ-ын гишүүн нь Г.Солтан.
Түүнд холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан долдугаар сарын 29-нд болж, Г.Солтаныг Улсын Их хурлын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа өөрийн үүсгэн байгуулсан, захирлаар өөрийн хүү С.Ахмед, менежерээр эхнэр Б.Алтанчимэг ажилладаг өөрийн хамаарал бүхий “Монгол шаазан” ХХК-д “Малын тэжээл үйлдвэрлэх” төслийн зориулалтаар урт хугацааны хөнгөлөлттэй зээл авахын тулд Улсын Их хурлын гишүүн бөгөөд, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт хууль бусаар нөлөөлсөн гэж үзсэн юм.
Түүнийг төсөл сонгон шалгаруулах хорооны дарга Д.Энхбат, гишүүн С.Төгсбилэг нарт тухайн төслийг улс төрд нөлөө бүхий, нэр бүхий хүнтэй холбоотой, хамаарал бүхий учраас шалгаруулах шаардлагатай гэж хэлж, хууль бус үүрэг чиглэл өгч, 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар “Монгол шаазан” ХХК-нд 950 сая төгрөгийг урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргуулж, өөрт болон өөрийн гэр бүлд эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эх сурвалж:GoGo.mn
