Тусгаарлалтад буй хүмүүс болон эмч нарт Гандантэгчэнлин хийдээс хар үрэл өгч байгаа

Монголын Бурханы Шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд, тус хийдийн тамгын ламын үүрэг гүйцэтгэгч Б.Цэрэндагва нар мэдээлэл өглөө. Энэ үеэр Гандантэгчэнлин хийдээс хийдэг хар үрлийг ЭМЯ-тай хамтран тусгаарлалтад буй хүмүүст болон эмч нарт өгч байгаа талаар ярьсан юм.

Монголын Бурханы Шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд, Халдварт өвчин гарахаас өмнө арваннэгдүгээр сард хүмүүс халуурч, амь насаа алдаж байгаа мэдээллүүд их ирсэн. Тэр цаг үед иргэдийн хүсэлтээр хурал номын үйл ажиллагаа явуулж байсан. Түүнтэй зэрэгцээд хар үрэл буюу есөн харын найрлага бүхий хүчтэй уламжлалт эмийг гаргасан. Хийдийн эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн. Ингэхдээ зуугаас дээш мянгыг таван удаа үйлдвэрлэсэн. Онцгой байдлын албаныхан болон эмч, цагдаа нарт юуны түрүүнд тараасан. Дараа нь иргэдийн хүсэлтээр дахин үйлдвэрлэсэн.

Өнөөдрийг хүртэл ЭМЯ-тай хамтран тусгаарлалтад ирж буй хүмүүст болон эмч нарт өгч байгаа. Бид сүсэг бишрэлтэй хүмүүс. Энэ мэт халдварт өвчин зөвхөн манай эринд гарч буй зүйл биш. Урьд нь хэдэн зууны дэлхийн хаа нэгтээ гарч байсан өвчин. Тэр үед монголчууд энэ мэт жор ашиглан эм бэлдэн хэрэглэж эрүүл саруул үлдэж хоцорч байсан түүх бий. Бид үүнийг ишгүй, судалгаагүй үйлдээгүй. Түүхийг үндэслэж бүтээсэн. Дэлхий нийт үүнийг хүсэн хүлээж байна. Гандантэгчэнлин хийдээс хийж буй үрэл АНУ, Европт байгаа монголчуудад очсон. Авахыг хүссэн хүн бүрт үнэгүй тараасан. Тэгэхээр тодорхой хэмжээнд тусаа өгсөн байх гэж найдаж байна гэв.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.