Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар "Хилийн боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах" тухай тогтоолд өөрчлөлт оруулж, Бургастай-Лаоемяо боомтыг нээх шийдвэр гаргалаа.
Говь-Алтай аймгийн Алтай сум дахь Бургастай боомтоор "Алтайн хүдэр" ХХК жилд дунджаар 1-1.16 сая тонн төмрийн хүдэр экспортолж, улсын төсөвт 15.7 тэрбум төгрөг, орон нутгийн төсөвт 1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.
Боомт нээсэнтэй холбогдон БНХАУ-ын ачаа тээврийн жолооч нарыг хилийн бүсэд тусгай хяналтын дор нэвтрүүлж, тээвэрлэлтийг зохион байгуулах арга хэмжээ авахыг ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, ХХЕГ-ын дарга Ж.Бямбасүрэн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, ГЕГ-ын дарга Б.Асралт нарт тус тус даалгав.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
