
Тавдугаар сарын 9-нд Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт Toyota Mark-II маркийн автомашин хашаанаас ухрах үйлдэл хийхдээ явган зорчигч 55 настай иргэнийг мөргөж амь насыг нь хохироожээ.
Жолооч 31 настай эрэгтэй Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон байна. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Өнгөрсөн долоо хоногт Дорнод аймагт мөн нэг настай хүүхдийг хашаан дотор мөргөж амь насыг нь хохироосон хэрэг гарсан.
Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 364 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 268 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 5 хүн гэмтсэн, Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь насыг хохирсон байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан 4 зөрчил бүртгэгдсэн байна.
Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 2,9 хувиар буурч, Бүртгэгдсэн зам тээврийн осол 5,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.