
Өнөө шөнө нутгийн төв хэсгээр, маргааш өдөр нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, говь, тал хээрийн нутгаар салхи шуургатай байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Тавдугаар сарын 8-ны 20:00 цагаас тавдугаар сарын 9-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Улаанбаатар хотод үүлших бөгөөд шөнөдөө хур тунадас, өдөртөө ялимгүй хур тунадас орохоор байна. Мөн салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шөнөдөө 0 градус орчим, өдөртөө сэрүүсч 6-8 градус дулаан байх аж.
Харин тавдугаар сарын 10-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвөөс харвал:
Энэ сарын 10,11-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орохоор байна.
Ингэхдээ салхи 10,11,12-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр, 13-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна.
Харин ихэнх хугацаанд нутгийн баруун хагаст дулаан, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.
Мөн Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна. Өөрөөр хэлбэл, энэ сарын 13-наас ихэнх нутгаар дулаарах аж.
|
|