Н.Номтойбаяр: Гутлаа тослоод өөрөө очих гэтэл зам хаалттай

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг албадан ирүүлэх захирамжийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өчигдөр гаргажээ. Тус захирамжид өнөөдөр буюу тавдугаар сарын 7-ны 09:00 цагт Нийслэлийн прокурорын газарт албадан ирүүлэх тухай дурджээ.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай холбогдон энэ талаар тодруулахад тэрбээр "Албадан ирүүлэх тухай захирамжийг надад бичгээр явуулагүй. Мөн цагийг нь тулгаж хэлсэн. Өнөөдөр бие өөрийн биеэр очих боломжгүй" гэсэн хариу өглөө.

Түүнчлэн тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Шүүхийн шийдвэр гарчээ. Гутлаа тослоод өөрөө очих гэтэл зам хаалттай. Маргааш 11:00 цагт өөрийн биеэр очиж улстөрийн "яллах дүгнэлт"-ээ аваад АТГ-ын гадаа шууд нийтэд дэлгэнэ. Хэвлэлийнхэн ирвэл талархах болно" гэжээ.

Н.Номтойбаярын өмгөөлөгч Чингэлтэй дүүргийн шүүгчид хандан хүсэлт гарган Н.Номтойбаяр дээд шатны прокурорт давж гаргасан гомдлын хариу нь иртэл Нийслэлийн прокурор С.Мөнхгэрэлийн гаргасан албадан ирүүлэх хүсэлтийг хуулийн дагуу хүлээн авахаас татгалзахыг хүссэн. Гэвч шүүхээс Чингэлтэй дүүргийн шүүхээс түүний хүсэлтийг хүлээн аваагүй байна. 

Эх сурвалж: GoGo.mn

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.