Ардын багш С.Дулам цахим орчинд монгол хэлээрээ зөв бичихийг уриаллаа

Олон улсын эх хэлний өдөр өнөөдөр тохиож байна. Их зохиолч Д.Нацагдорж

“Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл

Үхтэл орших төрөлх нутаг салж болшгүй орон мөн” хэмээн дуулсан бол билгүүн номч Бямбын Ринчен:

“Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл

Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ

Сонсох бүр яруу баялгийг тань гайхан биширч

Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу, би

Мөрөн гол цутгалант, ширгэшгүй их далай мэт,
Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч,
Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадалт
Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл минь” хэмээн эх хэлэндээ бишрэн сүсэлсэн нь юутай гайхамшигтай.

Үндсэн язгуур эх хэлтэй, өөрийн гэсэн эрх чөлөөтэй бид монголчууд. Монгол хүн гэдгийг минь монгол яруу хэл минь гэрчилнэ. Монгол эхийн бүүвэйн дуутай монгол орон мөнх оршиг” мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Монгол Улсын ардын багш, шинжлэх ухааны гавьяат ажилтан, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Сэндэнжавын Дулам багштан “Бидний үндэсний үнэт зүйлийн амин сүнс нь эх болсон монгол хэл минь билээ. Сүүлийн үеийн шинжлэх ухааны ололт нээлтийн ачаар монгол хэл маань одоогоос 1600 жилийн өмнөөс бичгийн хэл байсан нь батлагдаж, монгол хэл бол ойрх үеийн зохиомол хэл юм шиг цуурхдаг хоосон цуурай замхарлаа. Монгол хэлний зөв бичих дүрмийг журамласан толиор цэгцэлж, бичлэгийн алдаа мадаг цэгцрэх тийшээ хандлаа. Одоо бидний дараагийн чухал зорилт бол цахим орчинд монгол хэлээрээ зөв бичих асуудал юм. Иймд сайхан монгол хэлээ хайрлан хамгаалахын нэгэн чухал үндэс нь цахим орчинд тунгалагшуулах ажил юм. Эртний их түүх соёлт, үндэсний ухамсар төгөлдөр монголчууд аа, олон улсын эх хэлний өдрийг тохиолдуулан цахим орчинд эх хэлээрээ зөв бичиж дадахыг уриалж байна” гэлээ.

Эх сурвалж: Өдрийн сонин Сэтгүүлч Л.Батцэнгэл

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.