Нэгдүгээр хэсэг
Засагт хан, Хантайшир уулын аймаг, Алтай аймаг, Говь-Алтай аймгийн газар нутаг

Засагт ханы газар нутгийн уг эхлэл язгуур
Халхын Засагт ханы газар нутгийн тэг, зааг нь 1550-иад оны үеэс эхлэлтэй гэж үзэж болохоор байдаг. Учир нь Ар халх буюу өнөөгийн Монгол Улсын нутаг дэвсгэрт байх отог ардуудыг харьяалан захирч байсан Даян хааны XI хөвүүн Гэрсэнз жалайр хунтайж 1549 оны Шарагчин тахиа жил Сэлэнгийн /Хэрлэнгийн/ Бураад тэнгэр болоход 7 хөвүүдэд нь Ар халхыг хуваан захируулснаас Ар халхын 7 хошууны үүсэл болов гэх.
Энэхүү Ар халхын 7 хошуу нь Баруун гар, Зүүн гар хэмээн хоёр хэсэгт хуваагдах ба Баруун гарыг Гэрсэнз жалайр хунтайжын ахмад хүү Ашихай дархан хунтайж ахалж, түүний тэргүүлэл дор өөрийнх нь харьяа хошуунаас гадна дэд хөвүүн Ноёнтой Хатанбаатар, зургадугаар хөвүүн Далдан Хөндлөн, долдугаар хөвүүн Саму Бума нарын эзэмшил хошуу нутаг багтаж байжээ. Нөгөө гурван хөвүүний нутаг нь Ар халхын зүүн гар болж, Гэрсэнз Жалайр хунтайжийн гутгаар хөвүүн Онохуй Үйзэн ноён ахалжээ.
Чухам энэ Ашихай дархан хунтайжийн ахалж асан дөрвөн хошуу бүхий Ар Халхын Баруун гар нь хожмын Засагт хан аймгийн эхлэл язгуур болсон гэж түүх сударчид үзжээ. Тухайлбал түүхч Ж.Гэрэлбадрах “Тэдгээр отог хошуудаар засаг захиргааны хувьд том нэгж болох аймаг-улс бүрэлдэн бий болжээ. Ашихай дарханы эзэмшлээр Засагт ханы, Аминдуралын эзэмшлээр Сэцэн ханы, Онохуй үйзэний эзэмшлээр Түшээт ханы нутаг дэвсгэр тус тус бүрэлдэн тогтож байв. Тэдгээрийг Халхын гурван хант улс, арай хожуу үеийн Халхын гурван аймаг гэж нэрлэдэг байв” хэмээн “Монгол нутаг дэвсгэр, хил хязгаарын түүх” номдоо тодорхойлсон байна.
Тухайн үед нүүдэл шилжилт их, тогтоож заасан газар нутгийн хил хязгаар нь зарим тохиолдолд тодорхой бус зэргээс үзэхэд дээрх хан хөвүүдийн эзэмшил нь газар нутгийн гэхээсээ отог овгийн хамааралд илүү байсан гэж үзэж болохоор байна. Юутай ч Халхын баруун гарын тэргүүлэгч Ашихай дархан хунтайж Увс нуур, Хан хөхүйд төвлөрч, бас Хангайн нурууны хойт хэсгээр ч эзэмшил нь хамаарч, дэд хөвүүн Ноёнтой Хатанбаатар нь Хантайширийн нуруугаар төвлөрч, зургадугаар хөвүүн Далдан Хөндлөн нь Сартуулын Сарт хайрханы орчим, ганц Урианхан отгийг өвлөсөн отгон хөвүүн Саму Бума нь Бүс хайрхан уулын орчимд төвлөж байсан бололтой. Энд дурдагдаж буй Увс, Ханхөхүйн уул нь Увс аймгийн нутаг, Хантайшир нь Говь-Алтайн Халиун, Тайширийн нутагт байх ба Сартуулын Сарт хайрхан нь Завханы Дөрвөлжин сумын нутагт, Завхан голын адаг Хар нуурт ойртох тохиод орших Сар хайрхан байж магадгүй. Харин Саму Бумагийн нутаглаж байсан Бүс хайрхан уул нь Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт буй Бүс хайрхан уул юм. Бугат, Тонхил сумд нь язгуураасаа Урианхан отгынхон бөгөөд Урианхай Дайчин бээсийн хошууны голлох нутаг болно.
Зураг XV_II. Зургийн тайлбар: XV зууны дунд үеийн Халхын баруун гарын дөрвөн хошууны эзэмшлийн төвүүд.

1552 онд Түмэдийн Алтан хан Ойрдын Хойт аймгийг Завхан, Хүнгүй голын адаг орчимд ихэд дийлж, баруун тийш Балхаш, Зайсан нуур луу шахсан байна. Үүнийг Завхан, Хүнгүй гол нь Халх, Ойрдын хилийн зааг нутаг байсан, эсвэл Завхан, Хүнгүй нь Ойрдын Хойд аймгийн нутаг байсан гэж үзэх нь бий. Харин Ойрдын Хойд аймаг Халхын баруун гарын хязгаар нутаг Завхан, Хүнгүй голын адагт цөмрөн орсноос Алтан хан цэрэглэсэн байж болох магадлал илүү юм. Тийн үзвэл Завхан, Хүнгүй гол нь Халхын баруун нутгийн хязгаар болно. Далдан Хөндлөн хунтайж Сарт хайрханд нутаглаж байсан гэвээс энэхүү Завхан, Хүнгүй голын адаг нь Далдан Хөндлөнгийн төв нутаг ч бас болно. Чухам хэдий үед нь Далдан Хөндлөнгийн орд өргөө байсан, хэдий үед нь Ойрдуудад шахагдаж дайжин уг нутаг зах хязгаар болж хувирсан бэ гэх мэт асуудлууд нь тодорхойгүй байна.
Завхан, Хүнгүй голын нэрийн утгыг Халхын зах хязгаар, эзэнгүй зэлүүд учир Захын гол, Хүнгүй гол хэмээн нэрийдсэн гэсэн хууч, таамнал ч бий.
Түүний дараа Халхын Автай сайн хан 1577 онд Ойрдуудыг Хөвхөр хэрээ хэмээх газар ихэд дарсан гэдэг. Энэхүү Хөвхөр хэрээ хэмээх газрыг түүхч Ж.Гэрэлбадрах өнөөгийн Ховд аймгийн Дарви сумын төвийн арханд байх Хөвхөр зайлганы хөндий мөн бололтой гэж үзсэн.
Эндээс үзвэл өгүүлэн буй энэ цаг дор буюу XV зууны дунд үед Дөрвөн Ойрдууд болон Халх түмний нутгийн дундын хил хязгаар нь хойт талдаа Их нууруудын хотгорын баруун хөвөөгөөр байсан гэж болохоор байна. Саму Бумагийн төвлөрсөн нь Бүс хайрхан уул гэх аваас Гурван Хулд, Мянган угалзаас урагших Алтайн нурууны хэсэг нь Халхын нутаг болно. Өөрөөр хэлбэл Алтайн нуруу нь бүхэлдээ Халх, Ойрдын дундын хил бус, зөвхөн Сутай хайрхан орчмоос хойшхи Алтайн нурууны хэсэг нь Ойрд, Зүүн гарын эзэмшилд, түүнээс өмнөх буюу Алтай нурууны өмнөд хэсэг, Говь-Алтайн салбар нурууд нь бүхэлдээ Халхын баруун гарын нутагт буюу Засагт ханы нутагт байжээ.
Халхын баруун гарын нутгийн баруун өмнөд хязгаар нь бүр тухайн үед л Цэнхэр Номин, Хонин-Усны говийн хээл, Мичингийн уулын зүүн хаяа хүрч байсан ба Алтайн нурууны өмнө хэсэг баттай орж байжээ.
Халхын баруун гарын газар нутгийн хэмжээ хязгаар нь Ашихай дархан хунтайжын ахмад хүү Түмэндарь дайчингийн хөвүүн Шолой убаши хунтайжийн ялан мандаж байх үед умард зүгт нэн өргөн уудам байжээ. /Халхын Сэцэн хан Шолой гэж бас нэгэн хан бий/ Оросын түүхийн сурвалж бичгүүдэд дурдсанаар Халхын Алтан хан Шолой убаши хунтайжийн нутаг нь баруун тийш Алтайн Урианхай, өмнөшөө Хяргас, Хар, Хар-Ус, Дөргөн нуурт тулж, зүүн зүгтээ Тамир, Сэлэнгийн эх, Тэс голын сав газраар гарч, Хөвсгөл далайн баруун хөвөө, умардад баруун буриад, Красноярскийн хязгаар хүрч, одоогийн Тува бүхэлдээ, ОХУ-ын Каморовын тойргийн ихээхэн хэсгийг багтааж байсан байна. Шолой убаши нь өвөг эцэг Ашихай дархан хунтайжаас Үнэгэд, Жалайр хоёр отгыг өвлөн авсан ба хожим Хотгойдууд зонхилох болсон учир Хотгойдын Алтан хан хэмээн нэрлэх болсон гэдэг. Чухам хотгойдууд Засагт ханы салшгүй хэсэг болсны учир энэ болов уу.
Засагт ханы уг эх болсон Халхын баруун гарын тэргүүлэгч Ашихай дархан хунтайжийн уугуул нутаг Увс нуур, Хан хөхүй хайрхан уул нь хожмоо ач хүү Шолой убашид өвлөгджээ. Шолой ханы орд өргөө Увс нуурын хөвөө орчимд байсан аж.
Цагтаа Алтан хан-Шолой убаши хунтайж нь Халхын баруун гар дотроо төдийгүй нийт халх дотроо бие даасан статустай хүчирхэг хан байв. Гэвч түүний үр хойчсын үед Халх, Ойрдын дайны дараагаас хүчин буурч, хойд талаасаа оросуудын, баруун талаасаа ойрдуудын түрэлтэд шахагдсаар зөвхөн өнөөгийн Хөвсгөлийн баруун өмнө хэсэг, Хотгойдтой үлдсэн байна.
Харин Халхын нутгийн өмнө хязгаар нь хожим ар, өвөр монгол болсон Монголын Баруун, Зүүн хоёр түмний үеэс л их говиор нэгэнт хөдөлгөөнгүй тогтсон тул тэр дээсээс төдийлөн өөрчлөгдөлгүй өдийг хүрсэн гэж үзэж болох юм.
Манжийн эзэгнэлийн өмнөхөн Халхын Засагт хан, Түшээт хануудын хооронд болсон хямралын үед Засагт ханы зарим харьяатууд Түшээт ханд дагаар орсон явдал гарсан нь Засагт ханы газар нутгийн зүүн хил зарим газраар нэлээд баруунш татагдахад хүрчээ.
1500-аад оны эхэн хагаст Халх нутаг нь Гэрсэнз жалайр хунтайжийн 7 хөвүүний эзэмшилд хуваагдаж байх үедээ газар нутгийн хил зааг нь нарийн тодорхойгүй байсан бол Халхын гурван хант улс бүрэлдэн бий болсон XVI-XVII зууны зааг үед хил хязгаар нь нарийн тогтоосон овоо тэмдэгтэй болж эхэлжээ.
Дарайсун хааны ахмад хөвүүн Түмэн хаан 1558 онд нийт монголын хаан ширээнд суугаад баруун, зүүн, ар, өврийн нийт монгол отог, хошуудаас голлон байсан нөлөө бүхий тэргүүлэгчдийг багтаасан нэгдсэн Засгийн газар байгуулахад Ар Халхын баруун гарын тэргүүлэгч Ашихай дархан хунтайж /1530 оны төмөр барс жил төрсөн/ оролцсон байх магадлал бас бий. Чухам энэ үеэс л Засагт хан аймгийн суурь тавигдаж, Ашихай дархан хунтайжийн хоёрдугаар хүү Баяндарь хунтайж, түүний хүү Лайхурын /1562 оны усан хар нохой жил төрсөн/ үеэс Засагт хан хэмээн цоллон дуудуулж ирсэн байна. Энэ үеэс Халхын хануудын хилийн заагийг тогтоож, харуул суулгаж эхэлжээ.
Засагт хан хэмээн нэрлэх болсон үеийнх нь эзэмшил нутаг нь зүүн талдаа Орхон, Онги/Өнөөгийн Өвөрхангай аймгийн нутагт буй Онгийн гол мөн эсэхийг тодруулах/, зүүн хойт талдаа Хөвсгөл далай, умардад Краснояарск баруун хойтдоо баруун Сияаны нуруу, баруун талдаа Хар – Ус нуур, баруун өмнөддөө Цэнхэр Номингийн говийн урд хаяа, Мичингийн бэл хүрч, өмнө талдаа Халхын баруун гарын өмнө овоо, мөн Эзнээ голын торгуудуудын нутгийг хүрсэн өргөн уудам нутгийг хамарч байжээ. Өнөөгийн байдлаар авч үзвэл Говь-Алтай, Увс, Баянхонгор аймгууд бүхэлдээ, Өвөрхангай, Завхан, Хөвсгөл, Ховд аймгийн зарим сумд орж болохоор харагдана.
Засагт ханы уг эхлэл болсон Халхын баруун гарын дөрвөн хошууны отог овгийнхны өнөөгийн тархацыг үзвэл Ашихай дарханы эзэмшилд очсон хоёр отог нь Үнэгэд /Олхонуд/, Жалайр хоёр, энэ хоёр отгынхон өнөөгийн Ховдын Дарви, Цэцэг, Говь-Алтайн Дарви, Тайшир, Тонхил, Шарга, Бигэр, Дэлгэр, Халиун сумдад голлон тархан суусан. Хожим Шолой убашийн үед түүний эзэмшилд Хотгойдууд зонхилж, өнөөгийн Хөвсгөлийн хотгойд сумдын эхлэл болжээ.
Ноёнтой Хатанбаатарын эзэмшил нь Бэсүд, Элжгин хоёр, энэ хоёр отгынхон өнөөгийн Говь-Алтайн Алтай, Бугат, Цогт, Эрдэнэ, Чандмань, Хөхморьт, Баян-Уул, Тайшир, Халиун, Шарга, Жаргалан зэрэг ихэнх сумд, Ховдын Чандмань, Дарви, Цэцэг, Мянгад, Эрдэнэбүрэн, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ, Их-Уул, Цэцэрлэг, Улаан-Уул, Баянзүрх, Завханы Их-Уул, Нөмрөг, Тосонцэнгэл, Архангайн Тариат, Баянхонгорын Баян-Өндөр, Баянцагаан зэрэг сумдад голлон суурьшжээ.
Далдан хөндлөнгийн эзэмшил нь Сартуул, Тангуд хоёр, Сартуул нь өнөөгийн Завханы Сонгино, Яруу, Дөрвөлжин, Алдархаан зэрэг сумд, Тангуд нь Говь-Алтайн Тонхил, Дарви, Хөвсгөлийн Шинэ-Идэр, Завханы Их-Уул, Архангайн Тариат, Өндөр-Улаан, Чулуут зэрэг сумдад голлон суурьшжээ.
Саму Бумагийн эзэмшил нь Ар халхын Урианхан отог аж. Ар халхын Урианханууд өнөөгийн Говь-Алтайн Бугат, Тонхилд голлон төвлөхөөс гадна Төгрөг, Дарви, Тайшир, Халиун, Шарга, Бигэр, Дэлгэрт ч буй. Мөн Завханы Тэс, Увсын Хяргас, Баянхонгорын Галуут, Эрдэнэцогт, Архангайн Тариат, Хөвсгөлийн Шинэ-Идэр, Галт, Жаргалант, Чандмань-Өндөр зэрэг сумдад тархжээ.. Үргэлжлэл бий...
ЗОХИОЛЧ, СЭТГҮҮЛЧ ЖАЛАЙР ОВОГТ БААСАНГИЙН НАМИНЧИМЭД