ТЭРГҮҮН ИХ ХАМБА ЛАМ Д.ЧОЙЖАМЦ МОНГОЛЫН ХУТАГТ ХУВИЛГААДТАЙ ОНЛАЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дэлхий даяар аюулт Ковид-19 цар тахал тархаж, улс орон бүр хичээл зүтгэл гаргаж буй энэ цаг үед МБШТөв Гандантэгчэнлин хийдийн хамба лам Д. Чойжамцын санаачилгаар Монгол болон Энэтхэг улсад ном эрдэмд шамдан суралцаж байгаа хутагт хувилгаадтай цаг үеийн асуудлаар цахим хурал хийлээ.

Уг Онлайн Хурлын Бүрэлдэхүүнд:

МБШТ Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба гавж Д.Чойжамц, Да лам Х.Бямбажав, Гэвш Лхарамба Жавзандорж.

Монголд суугаа хутагт нараас:
Ноён хутагт Данзанлувсантүдэв, Наро Банчэн гэгээн Данзанлхүндүв ,Жонан Ханчэн хувилгаан Лувсанчойдог, Гачэн хувилгаан Ринчинсамбуу, Ялгуусан хутагт Данзанванчүг.

Энэтхэг улсын Гоман дацангаас:
Манзушир хутагт Данзанжамъяндорж, Егүзэр хутагт Данзанлувсанванжил.

Энэтхэг улсын Сэра Жэ дацангаас:
Баригри хувилгаан Дэнзэнжамъянлодойнамжил,
Дарба Бандида хувилгаан Данзанчойжилодой,
Жамъяан гарав хувилгаан нар оролцлоо.

Энэхүү хурлаар тэргүүн их хамба лам өвчин гай зовлон сэтгэлээс үүдэж амьтны үйлийн шалтгаан нөхцөлөөс боловсрон бий болохыг сануулж,эв нэгдэлтэй байж анхаарал сэрэмжээ өчүүхэн ч алдалгүй Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөгөөг сайтар мөрдөхийг сануулаад хутагт хувилгааддаа энэхүү аюулт өвчин хурдан амарлихын тухайтад бурхан номондоо сайтар даатгахыг уриаллаа.

Эрхэм дээд хутагт хувилгаад хамба ламын санал санаачилгыг дэмжиж ном буянаа хамаг амьтны тусын тулд байнга зориулж буйгаа илэрхийлэв.
Мөн Бурхан багшийн их Дүйчэн өдөр 6-р сарын 5-нд тохиож байгаатай холбогдуулан тус баярын өдрийг хэрхэн зөв тэмдэглэн өнгөрүүлэх, буянд шамдах, буян хураах арга ухааныг хэрхэн ард түмэнд ойлгуулах талаар ярилцлаа.

Монгол түмний буян заяа ихээ, өвчин зовлон холуур өнгөрөх болтугай....

Багш хийгээд гурван эрдэнэ минь авралдаа багтааж өршөө

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.